Б.Ганзориг: Хэдэн төгрөг байгааг нь харах гэж үү

Сүхбаатарын талбай орчмоор шар хантаазтай танилууд маань харагдсангүй. Өглөө болгон тааралдсаар зүс мэдэх болсон тэд эзгүй ч жанжны талбай саяхан цэвэрлээд дууссан мэт цэмцгэр. Нийслэлийн зам, талбайн үйлчлэгчдийн II зөвлөлгөөн өнгөрөгч гуравдугаар сарын 20-ны баасан гаригийн 09.00цагт Мэдээлэл, технологийн үндэсний паркт эхэллээ. Нийслэлээ хоггүй, халтиргаа гулгаагүй байлгаж улаанбаатарчуудаа ая тухтай орчинд ажиллаж амьдрахад чухал үүрэгтэй шар хантаазтнууд тэнд бараг бүгд цуглажээ. Зөвлөлгөөний төлөөлөгч гэсэн мандат зүүсэн тэд хуралдаа ирэхдээ торгон дээл, гангарааны пиджак, цайны цамцаараа гоёж, гадуур нь цоо шинэ шар хантаазаа өмссөн байлаа. Тэдний олонх нь өглөөнийхөө ажлыг хийж дуусгачихаад шүүр, тосгуураа дөнгөж орхиж амжаад зөвлөлгөөндөө яаран иржээ.
Улаанбаатар хотын хэмжээнд зам талбайн 262 үйлчлэгч ажиллаж байгаагийн 124 нь эмэгтэй бөгөөд тэдгээрийн 40 орчим хувь нь өрх толгойлон айл ахалж байна гэсэн статистикийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба гаргажээ. Мөн нэг үйлчлэгч өдөрт 400-500 кг хог хаягдал цуглуулж, 3000-8000 ам.метр талбай цэвэрлэдэг. Өөрөөр хэлбэл нийслэлийн нэг иргэн өдөрт нэг кг орчим хог гаргадаг гэсэн мэдээллийг энэ зөвлөлгөөний үеэр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Орчны хог хаягдлын менежтентийн хэлтсийн дарга Б.Дэлгэрбаяр танилцууллаа. Тэрбээр энэ үеэр “Нийслэлийн төр захиргааны байгууллагын зүгээс болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас зам талбайн үйлчлэгч нарын ажиллах нөхцөлийг сайжруулах, цалин урамшууллыг нэмэгдүүлэх, нийгмийн баталгааг сайжруулах талаар олон арга хэмжээ авч ажиллаж байна” гэлээ. Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний норматив нэг ам.мерт талбайг цэвэрлэхэд найман төгрөг байсныг 50 төгрөг болгон нэмэгдүүлсэн, жил бүрийн цагаан сарын өмнө “Хүрээ” ротари клубтэй хамтран дүүрэг бүрээс нэг үйлчлэгчийг сарын цалингаар нь урамшуулдаг, Монгол дахь Солонгос иргэдийн нийгэмлэг жил бүр 70-80 шар хантаазтанд гарын бэлэг, хүнсний тусламж үзүүлдэг гэхчлэн өглөө, орой, өвөл зунгүй гадаа гандаж, бороонд норж, наранд халж ажилладаг энэ хүмүүсийн төлөө тавих анхаарал их биш ч гэлээ бага сага байдаг ажээ. Эднийхээ ажлыг хөнгөвчлөх, ажлынх нь чанарыг дээшлүүлэх зорилгоор замын хогийг шүүрдэх төдийгүй угааж чаддаг шидтэй 10 машин авсныхаа зургааг нь энэ зөвлөлгөөний үеэр дүүргүүдийн Тохижилт үйлчилгээний компанийн захирлуудад хүлээлгэж өглөө.
Энэчлэн мэдээлэл түгээн хурал зөвлөлгөөн үргэлжилж байх үеэр мөр зэрэгцэн сууж асан гэзэгтэй залуутай уулзлаа.
Сүхбаатар дүүргийн Тохижилт үйлчилгээний ажилчин тэрбээр үүрээр эртлэн ажиллаж, зам талбайгаа цэвэрлэчихээд ирсэн хүмүүсийн нэг байлаа. Бид ийн ярилцсан юм. Шинэ танилын маань нэрийг Б.Ганзориг гэх.
-Та хэдэн жил шар хантааз өмсөж байна?
-Найм.
-Сүхбаатар дүүргийн зам талбайн цэвэрлэгчид шөнө дөлөөр, өглөө үүрээр ажилладаг гэсэн үү?
-Шөнө 1-2 цагийн үед ажилд гараад өглөө 6-7 цагийн орчимд буудаг юм.
-Та тэгээд ажлаасаа буугаад шууд ирээ юү?
-Харьж хувцсаа сольж өмсөөд үсээ угаачихаад ирсэн
-Та чинь тэгээд шар шувуу шиг шөнийн амьдралтай байх нь ээ?
-Өдөр ажиллалгүй яах вэ. Өдөр 12 цагаас ажилд гараад, үдээс хойш дөрвөн цагаас буудаг юм.
-Өдөр болгон ийм хуваариар ажиллах уу?
-Тэгнэ ээ.
-Тухтай амрах хугацаа гардаг юм уу?
-Бямба гаригт ажиллавал нямд амардаг юм.
-Хэцүүхэн л юм байна?
-Тэгээд сурчихдаг юм аа. Найман жил ингэж л ажиллаж байна
-Цалин хэд вэ, нууц биш биз дээ?
-130 мянга.
-Өөр ажил хийвэл яасан юм бэ?
-Амар олдохгүй, тэгээд ч энэ замыг хэн цэвэрлэх вэ. Та нар ийм ажил хийхгүй биз дээ.
-Сая та Сүхбаатар дүүргийн Засаг даргын нэрэмжит шагналаар шагнууллаа. Дугтуйд нь хэдэн төгрөг байсан бэ?
-Үзээгүй ээ. Одоо хараад яах юм бэ, муухай шүү дээ.
-Та ер нь олон удаа шагнуулсан уу?
-Хоёр, гурван удаа авсаан авсан.
-Хамгийн том нь ямар шагнал вэ?
-Дүүргийн өргөмжлөл чинь мундаг шүү дээ.
-Энд ирсэн хүмүүст нэг нэг даавуун ууттай юм өгчээ. Уутанд юу юу байна?
-Мэдэхгүй ээ, үзээгүй байна.
-Хамт үзэх үү?
-Яах юм бэ, муухай шүү дээ.
-Шагналаа авах гээд индэр рүү гарахад нэг нөхөр чинь таныг “Гэзэгт ээ” гэсэн.
-Аан, эд намайг тэгж дууддаг юм.
-Олон жил гэзэг тавьж байна уу?
-1985 онд Дорнодод цэргийн алба хааж ирээд л ургуулсан. Үе үе тайрдаг юм аа.
-Нэлээд өтгөн юм, угааж арчихад хэцүү биш үү?
-Зүгээр ээ, сурчихсан. Ажлаасаа тарж ирээд л угаадаг.
-Рок сонсдог байх тийм үү?
-Үгүй ээ, залуудаа олуулаа нийж онгирч явахдаа л гэзэг тавьсан, тэр чигээрээ л яваа.

Энэ үеэр Улаанбаатар хотын ерөнхий менежер Ч.Бат үг хэллээ. Тэрбээр, урд шөнө гурван цагийн үед гадуур явах ажил гарлаа. Тэгтэл Гадаад харилцааны яамны дэргэд, “Халуун элгэн нутаг” дууны хөшөөний орчимд нэг шар хантаазтан маань цэвэрлэгээ хийж байлаа. Би тэр хүнээр бахархсан. Тэр хүн энд байна уу” гэлээ.
-Тэр хүн хэн бэ, та таних уу?
-Манай Цэцгээ эгч.
-Энд ирээгүй юм уу?
-Ирсэн ирсэн.
-Энэ үг хэлж байгаа хүнийг таних уу?
-Мэдэхгүй ээ,
-Та шагналаа авчихаад л гар бариад байсан биз дээ.
-Нэг том дарга нь л байх гэж бодоод... Хүн гар барьж байхад барилгүй яах вэ.
-Улаанбаатар хотын ерөнхий менежер Бат гэж хүн байгаа юм.
-Аан, Засаг дарга Мөнхбаяр гуай чинь энэ албыг хашиж байсан шүү дээ.

Ерөнхий менежерийн дараа дүүрэг бүрээс нэг шар хантаазтан үг хэллээ.
Тэдний юу гэснийг одоо сонирхъё.

...Зам талбайн үйлчлэгч бид байнга гадаа ажиллаж машины хорт утаа, агаарын бохирдол, шороо шүүрдэхэд дэгдсэн тоосонцор хоолой ам руу орж архаг бронхид бүр лавшраад аастам зэрэг харшлын өвчин тусч байна аа. Иймээс ажлын нөхцөлийг мэргэжлийн байгууллагаар хянуулж хөдөлмөрийн хортой нөхцөлд хамруулж өгнө үү....

...Улаанчулуутын хогийн цэг Баянзүрх дүүргийн салхины дээд талд байрладаг тул салхи, шуургаар дамжин хог, гялгар уут их хэмжээгээр хийсч ирээд 3-6 хорооны нутаг дэвсгэрийг байнга хог хаягдлаар дарж байдаг. Хогны машин бүтээлэг муутай, бүтээлэгтэй байсан ч тэр нь салхинд дэрвээд хог цаас их хэмжээгээр хаягдаж, манай дүүргийн цэвэрлэгч бидний ажлын ачааллыг нэмэгдүүлж байна аа...

...Зарим нэг хүмүүс соёлгүй бүдүүлэг. Хог, хаягдлаа хогийн саванд хийдэггүй явж буй газартаа л хаяихдаг нь бидэнд хүндрэлтэй байна. Иймээс иргэн бүр ухамсартайгаар зөв боловсон амьдарвал бидний ажил хөнгөрч, улс нийслэлд маань цэвэр тохилог орчин бүрдэнэ ээ. Хогийн сав бараг байдаггүй. 100-200 метрт хогийн сав байрлуулах шаардлагатай байна. Хүмүүс чихрийн цаасаа халаасандаа хийгээд гэртээ авч очоод хогийн саванд хийдэг бол зүгээр байна аа....

...Албан байгууллага аж ахуйн нэгжүүд гадна талаа огт цэвэрлэдэггүй. Хог цаас нь салхи гарахаар зам руу шуураад бидний ажлыг хүндрүүлдэг. Социализмын үед бүх нийтээрээ цэвэрлэгээнд гардаг, байгууллага бүр орчноо цэвэрлэдэг байсан уламжлалыг сэргээмээр санагддаг....

...Нийслэлийн авто зам нарийхан учир нэгдүгээр эгнээнд машинаа тавьж орхичихоод жолооч нь алга болчихдог. Мөн шөнө ажиллах үеэр согтуу болон нойрмог жолооч нар биднийг шүргэчихээд зугтаадаг явдал олон гардаг...

...Зам талбайн үйлчлэгчдийн олонх нь өрх толгойлсон эмэгтэйчүүд байдаг. Бид халуунд халж, хүйтэнд хөрч энэ хэцүү ажлыг хийж хотын нэгээхэн хэсгийн өнгө үзэмжийг сайжруулахын төлөө ажилладаг боловч хамгийн бага цалин хөлс авдаг. Зам талбайн үйлчлэгч нарын цэвэрлэх замын нэг ам.метр талбайн хөлс 50 төгрөг гэдэг боловч амьдрал дээр мөрдөгддөггүй...

...Нийслэлийнхээ өнгө үзэмжийг сайжруулахын төлөө ажилладаг биднийг нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчдог болгож өгөөч ээ...

...Автобусанд үнэ төлбөргүй явуулдаг болгож өгөөч ээ... Нэгнийгээ ингэж хэлэхэд тэд дэмжин нижигнэтэл алга ташина.

“Би Хан-Уул дүүрэгт 16 дахь жилдээ ажиллаж байна....” гэчихээд нүүрээ алгаараа даран инээх Бат-Эрдэнэ гэж залуу индэрт гараад олон хүний өмнөөс хараад үг хэлэхдээ ичиж багагүй сандарлаа. “Би Хан-Уул дүүрэгт 16 дахь жилдээ ажиллаж байна....” гэсэн өгүүлбэрийг гурван удаа давтсан ч цааш нь үргэлжлүүлж чадсангүй “За болий болий” гэснээ индрээс бушуухан буусан билээ. Ч.Бат дарга “Бат-Эрдэнэ маань том шагнал аваад баярласандаа сандраад байх шиг байна” гэсэн юм. Энэ өдөр Нийслэлийн хүндэт тэмдгээр зургаа, Нийслэлийн Иргэдийн хурлын жуух бичгээр дөрөв, Нийслэлийн Засаг даргын жуух бичгээр 11, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны хүндэт өргөмжлөлөөр мөн 11 хүнийг шагнаж, нэр хүнд бүхий оддын энгэрт л гялалздаг эрхэм шагналуудыг ажилсаг хичээнгүй шар хантаазтнууд хүртсэн билээ.

Их хотын цэвэрлээний том ажлыг нуруундаа үүрсэн шар хантаазтнууд нэгэн өдөр ийн цуглан хуралдаж, үгээ хэлж дотроо уудлан шагнуулан ажиллах урам авч, “Улаанбаатар” чуулгын тоглолт үзэн уярч, эзэн Чингисийнхээ хөшөөний өмнө зургаа татуулж, “Улаанбаатар” зочид буудлын ресторанд тухлан зоог барьж... Тэд дөрвөн жилийн өмнө анх удаа ийн эрхэлсэн гэсэн. Энэ хоёр дахь нь. Энэхэн эзгүй ахуйд нь нийслэлчүүд бид хэчнээн их хог хаяж, төвөг нэмээд амжаа бол доо.