Өглөө сэрээд өндийхөд Бор зүрх нүдээ хагас нээгээд харж байна. Буцаад хэвттэл нүдээ аньчихав. Нойр нь ханаагүй бололтой, мөрөөрөө унтахгүй заавал намайг дэргэдээ хэвтүүлж байх санаатай шүү. Хүү маань өчигдөр арван сар хүрсэн. Ийм жаахан амьтан ийм том санаатай байдаг байна шүү. Ээжтэйгээ л хамт унтаж байхсан гэж боддог байх нь.
Бор зүрх гэдэг нэрийг аав нь өгсөн. Ахтай нь харьцуулбал бов
бор л доо. Түүнийг ер нь л ямагт ахтай нь харьцуулж ярьдаг юм. Ах нь найман сартайдаа мөлхөж байгаагүй дээ, ахыгаа бодвол энэ арай жин багатай, арай л эрт хоолонд орлоо, ой хүрээгүй алхчих байх аа, агаа чинь ой хоёр сартай дөнгөж л гишгэсэн шүү гэнэ. Анхны хүүхдээ өсгөх гэж нусаа хамартаа наасан бид хоёр хоёр дахь үрээ тэвэрчихээд амихандаа томорч байгаа нь энэ биз.
Хоёр дахь хүүхэд зөнгөөрөө, мөрөөрөө өсдөг гэж үнэн байх л гэнэ. Ээж нь ч эрт орхиод ажилдаа орсон доо. Ах нь багадаа ямар олон удаа ханиад хүрч, хатгаа болж тариа хийлгэлээ. Шөнө унтана гэж байхгүй гээд л хөөрхий муу шар толгойтыг минь хавчуулаад ярина. Тэмүүлэнг бодоход Тэнгис ёстой бор зүрхээрээ хүн болж яваа юм... энэчлэн хуучилсаар нэг л мэдэхэд хүүг минь Бор зүрх гэх болжээ. Бид гурвыг наана эрхлэж, эсвэл хооллож, зурагт үзэж байхад тэр жижигхэн нөхөр өөрийгөө зугаацуулах аргаа олчихсон чимээгүйхэн хэрэг тарьж л суух. Тээр ёстой Бор зүрх шүү гэж аав нь магтана.
Тэмүүлэнгийнхээ хэрхэн том болж өсөж, шулганан ярьж сурч буйг уг нь энэчлэн бичиж хадгалах сан гэж бодож байсан ч жижигхэн тэмдэглэлийн дэвтрийн хоёрхон нүүрэнд хоёронтоо бичээд л түүнийгээ авдрандаа тас мартсан билээ. /Одоо ч бий, тэр дэвтрээ олж сийрүүлнэ ээ/ Хүүхдээ том болохоор нь ийм тайлан үзүүлбэл гоё юм уу гэж боддог. Зарим хүн хүүхдээ ийн энхрийлэх дургүй л дээ, мэднэ. Би бол дуртай. Тэгээд ч өөрийн бодол өөртөө, өрөөл даавуу өмдөндөө зөв гэдэг, тэгээд л ийн бичиж байна.
Бор зүрх агаагаа л дагаад мөлхөөд байна. Угаалгын өрөөнд ороход нь хаалганых нь гадаа сууж байдаг юм, сайхан л ахтай хүн дээ.
Тэнгист өглөө талх нухаж өгнө, эсвэл аарцтай, чангаазтай ч юм уу боов өгнө. Өдөр унтахынхаа өмнө таргаа ууна. Сэрээд бантангаа иднэ. Орой томчуудын хоолноос ганц нэг халбагыг гоочилно. Цай, ундаа, ус ууна. Ер нь цайсаг. Ээж нь өдөрт нэг очдог байснаа өчигдрөөс
залхуураад хүүхэд рүүгээ өдөр гүйхээ больсон. Орой эртхэн очиж байхсан гэж бодож байна.
Бор зүрх хүн дагадаг болоод байгаа. Ваннд ороод хаалга хаачихад л орилж өгнө, ямар хэрэгтэй юм бүү мэд. Хаалгаар хүн гарвал л орилж байгаа гэж
а
ав нь хэлсэн. Агааг хичээлд явахад уйлна. Тиймээс биднийг гарахын өмнө аав нь жижиг өрөө рүү тэвэрч ороод тэнд саатуулж байдаг болсон доо.
Өчигдөр ёстой нэг шараа юм болжээ. Аав гуай салат хийх гээд гал тогоонд учиргүй завгүй суутал Бор зүрх баагаад, түүнээ бариад.... бурхан минь арай л амандаа хийгээгүй байгаа даа. Заваарсан юм болсон гэсэн. Зурагт үзэж суусан Тэмүүлэнг дүүгийнхээ баахыг харсангүй гэж загнажээ. Орой цэмцийсэн цэвэрхэн хүүхэд тоссон нь өдөр ийн заваарсантай нь холбоотой байж. Өмдгүй, нүцгэн битгий байлгаарай гээд байхад... гээд би хошуу нэмсэн. Манай жаал памперс зүүдэгггүй. “Сайн сайн л гэнэ, тэгснээ удалгүй л памперс хэрэглэх нь муу, ер болохгүй гээд яриад эхэлнэ” гэж ээж Тэмүүлэнг төрөхөд л дургүйцсэн. Огт зүүгээгүй дээ, миний хүү. Тэгээд ч Энхээ бид хоёрт хүүхдээ өдөр шөнөгүй памперсдах зоос ч байхгүй. Өглөө ажил руугаа явах замдаа “Хэдэн памперс авъя байз, цагаан сараар ганц нэг айлаар орвол....” гэж бодсон билээ. Ээж харчихвал “Хүүдэд ийм муухай юм зүүлгээд, агаар ч нэвтрэхгүй, одоо ав ав....”гээд үргэлжлүүлж гарна, заалттай.


2009-02-17 Улаанбаатар