"Өнөөдөр" сонинд,тэднээс явахынхаа өмнө үүнийг бичсэн юм. Уг нь цуврал болгож үргэлжлүүлэх санаа байсан....

Xүүхэд минь өлсөж эхлэв. Тогооч багш нь тавагтай хоол бүрээс жинлэн хасаж эхэлжээ. Цэцэрлэгийн багш нар бяцхан шавь нарынхаа биеийн жинг нэгбүрчлэн үзэж байна. 2009 оноос өмнө ийм жинтэй байсан гэж үзүүлэх баримт зэхэж буй бололтой. Зарим эцэг эхчүүдийн сэтгэл зовнино... харин нөгөө хэсгийнхэн нь хөөрч, хүүхдүүдээ түргэхэн цэцэрлэгт оруулахсан гэж шөнө зүүдлэх болов. Томчууд бидний сар орчим хөөрч угтсан 2009 он дөнгөж гаруут л энэ болоод олон өөрчлөлт миний, таны хүүхдийн жижигхэн ертөнцөд том цохилт өгч эхэллээ. Хамгийн сайхан ааштай, хамгийн гоё харагддаг байсан тогооч багш нь тэдэнд цасан гоо гүнжид хортой алим өгч ухаан алдуулаад хулгайлж орхидог муруй хамартай муухай шулам эмгэн шиг санагдах болжээ. Яагаад?

Төрийн өмчийн цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардал, ном, гарын авлага болон хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн тоглоомоор хангах зардал, өмчийн хэлбэр харгалзахгүйгээр нэг хүүхдэд ногдох нормативт зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ гэж Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 15.1-д заажээ. Энэ хуульд өнгөрсөн жил буюу УИХ-ын сонгуулийн өмнөхөн нэмэлт өөрчлөлт оруулсан нь ийм хэрэг мандаалаа.
Өмнө нь хүүхдийнхээ хоолны мөнгөний зарим хэсгийг үнэндээ зарим гэдэг нь тун бага хэсэг л дээ улсаар даалгаж, ихэнх талыг нь эцэг эхчүүд бид төлдөг байлаа, өчигдрийг хүртэл шүү дээ. Хүүхдүүд минь цодойтол идэхгүй ч өлсөхгүй болоод л байв. Шинэ хууль хэрэгжиж, тэд минь өлсөж эхэллээ.1000 төгрөгийн хоол унд идэж дадсан тэдний маань өдрийн хоолны төсөв өнгөрсөн даваа гаригаас 625-хан төгрөг болж огцом буурав.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 40 дүгээр цэцэрлэгийн дотор хаалганд том хараар….2008 оны арванхоёрдугаар сарын хоолны үнийн мэдээлэл гэж бичсэний дор нэг хүүхдэд ногдох зардал нь өдөрт 949 төгрөг гээд хөнгөлөлттэй нь 620 төгрөг гэжээ. Товчхондоо бол манай хүүхэд өнгөрсөн сард нэг ч өдөр гэртээ өнжилгүй албанд явсан тул ажлын 23 хоног гэж тооцоод би 14620 төгрөг багшид тушааж гарын үсгээ зурдаг учиртай.Хөнгөлөлт гэдэг нь цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлын 50 хувийг төрөөс даана гэсний дагуу өгч байсан 320 төгрөг юм. Ийм байхад дундаж амьдралаас хэт тасарсан манай дээд дарга нар “Цэцэрлэгийн хүүхдийн нэг өдрийн хоолыг 650 төгрөгөөр тооцдог. Энэ зардлыг эцэг эх, төр хоёр яг тэнцүү хувааж өгч байсан. 2009 оноос хуулийн дагуу төр хүүхдийнхээ хоолны мөнгийг 100 хувь даана. Улс орныхоо ирээдүй болсон хайрт хүүхдүүдээ өдөрт 625 төгрөгөөр хооллоно оо гээд гэдийгээд байгаа, хачин юм шүү.
Бидний жишээ авах дуртай, магадгүй хамгийн их хэрэглэгчтэй “Атар” талхны үнэ 660 гэдгийг Ерөнхий сайд яаж ч мэдэх билээ. Энэ эрхмийн “цэргүүд” ч, улстөрчид, УИХ-ын гишүүд ч бас мэдэхгүй, ийм статистик байдгийг сонсоо ч үгүй. Сарын 200-300 долларын цэцэрлэгт хүүхдээ, ач, зээгээ хүргэдэг тэд ийм үндэслэлгүй тооцоо хийх нь аргагүй юм.Өглөө нүдээ бүтэн нээж амжаагүй нялх амьтнаа хувцаслан албанд нь хүргэж, багшид нь даатгаад орхидог. Тээр орой л очиж авна. Өдрийн есөн цагийг ангийнхантайгаа бужигнаж хөлсөө гартал тоглож өнждөг түүнд минь 625 төгрөгөөр ямар хоол өгөх юм бол, нойр хүрэхээ байлаа.
“Өмнөх жилүүдэд хүүхдийн хоолны мөнгөний 50 хувийг улс даасан, одоо бүрэн даана” гэж зурагт радиогоор ам уралдан сайрхах дарга, сайд нар өөрсдөөсөө ичээсэй. Хэдхэн хоногийн өмнө БСШУЯ-ны Санхүү, эдийн засгийн газрын дарга гэж нэг эрхэм өдөр тутмын сонинд “Нэг өдрийн хоолны мөнгийг 625 төгрөгөөр тооцож, эцэг эхчүүд 50 хувийг нь өгч байсан. Одоо эцэг эхчүүд мөнгө өгөх хэрэггүй боллоо гэж баяр баясгалантайгаар тунхагласан нь даанч инээдтэй. Салбарын яамны мэргэжилтэн дарга, сайд… ер нь тэд бүгдээрээ цэцэрлэгийн багачууд өдөрт хэдэн төгрөгөөр хооллож, хоолны цэсэнд нь юу юу ордгийг мэддэггүйн тод жишээ энэ юм.
Ё.Отгонбаяр сайд аа, танай хүүхэд өдөрт хэдэн төгрөгөөр хооллодог вэ, 625 төгрөгөөр нэг хүүхэд хооллож дөнгөх үү. Та ийм төсөвтэй өглөө, өдөр, оройн хоолны цэс хэлж өгнө үү. Цэцэрлэгүүдэд хүнс нийлүүлдэг “Багачууд” зэрэг компани нэг кг чацарганыг 4500, хонины нэг кг махыг 2700-2800 төгрөгөөр “шахаж” байгааг та сонссон уу. Хэдхэн хоногийн өмнө манай ажлынхан “Увсынх” гэсэн чацарганыг кг-ыг нь 4000 төгрөгөөр авснаа танд энэ ялдамд дуулгая.40 дүгээр цэцэрлэгт 20 гаруй жил багшилсан, хашир туршлагатай Н.Саранчимэг багш “Зарим аав, ээж нарын сэтгэл үнэхээр зовж байна аа. Бид нар мөнгө өгч болохгүй юу гэж асуугаад байгаа” гэв.
Захын хорооллын цэцэрлэгүүдэд хүүхдээ зөөдөг хүмүүс ч бас янз бүрийн бодолтой л байна. Шинэ он гарахаар бид хүүхдийн хоолны мөнгө өгөхгүй гэсэн шүү дээ гэж баярлан шөнө, өдөргүй цэцэрлэгийн үүд сахиж байж хүүхдээ бүртгүүлсэн нь ч байна аа. Бага ч гэлээ хоолтой, дулаахан газар, харах хандах сайн багш нарын дэргэд, хамгийн чухал нь үнэ хөлс нэхэхгүй. Ийм энэрэнгүй хууль, ийм чанга журам тэдэнд таалагдаж буй нь мэдээж.
Улсаас хатуу тогтоож өгсөн 625 төгрөгт ямар хоол өгч байгаа талаар 69 дүгээр цэцэрлэгийн ахлах тогоочоос тодруулсан юм. Тогооч нар ийм хэдхэн цаасанд төсвөө мөргүүлэх гэж тооны машин, сампин, жинлүүрээс салахаа байсан бололтой. 30 орчим жил мэргэжлээрээ ажиллаж хүүхдүүдээ амттай хоолоор дайлах гэж хичээсэн тэрбээр “Хэцүү юм. Хүүхэд өдөрт 150-170 грамм мах идэх ёстой. Бага ангийнхны махны нормоос жаахан хасаж байгаа. Мөн хүүхдүүддээ бууз, хуушуур, пирожки зэрэг ширхгийн хоолонд ногооны салат дагуулдаг байснаа больсон. Ер нь жимс, ногоо өгөх аргагүй боллоо” гэж учирлалаа. Мөн хүүхдийн будааг жимсний чанамалтай талх ч юм уу, жигнэмэгтэй хамт өглөөд өгдөг байсан нь “хураагджээ”. “Гэхдээ энэ мөнгө, төсөв яах вэ. Өдөр өлөн зэлмүүн байсан хүүхдүүд орой хариад гэнэт их ховдоглоод байвал эрүүл мэндээрээ хохирно. Эцэг эхчүүд дунд хүүхдэдээ хоол цай өгөөд авчирдаг нь цөөхөн, яаруу сандруу л ирдэг юм шүү дээ. Өглөөний хоолыг өөртөө гэдэг, өглөөний цай хамгийн чанартай байх учиртай” хэмээхэд нь хүний хүүхдийн төлөө ингэж сэтгэл тавьж байх юм гэж түүнд баярласан билээ.
Зарим цэцэрлэг бол ийм нарийн судалгаа хийхээс төвөгшөөн өдөр иддэг нэг, хоёрдугаар хоолных нь аль нэгийг шууд хасчихсан ч сураг бас байна. “Заавал ингэж нарийн тооцоод яах нь вэ, боломж байвал өг л дөө, ээж аав нар мөнгө өгөх байлгүй” гэхээр тэд “Өрөнд унана шүү дээ. Төрийн хууль доодос бидэнд ямар хатуу үйлчилдэг билээ дээ” гэх юм. “4-6 насны хүүхдийн хоногийн хоолны норм, үндсэн шимт бодис, илчлэгийн хэрэгцээ” гэсэн хуудас бүхий заавар, хоолны жор зэргийг цэцэрлэг болгон шахуу ханын самбартаа хадсан байх юм, тэрийгээ хуу татаж хаявал таарна даа гэж багш нартай уулзаад гарахдаа бодлоо. Үүнээс гадна “Ангид гаднаас идэж уух зүйл, чихэр жимс авч орохыг хориглоно” гэсэн сануулга нь ч илүүц мэт.40, 69, 74 дүгээр цэцэрлэгийн анги тус бүрт 38-40 хүүхэд хүмүүжиж байна. Эндхийн багш нарыг мэргэжлийн сургуульд сурч ахуйд нь нэг ангид 25 хүүхэд хүмүүжинэ гэж заажээ.

Жиргээ болжмор шиг шулганасан дэггүй, зүггүй нь дэндсэн 40 хүүхэдтэй ийм багш нарт хүүхдэд минь анхаарал тавьсангүй гэж хэлэх хатуу. Чингэлтэй дүүргийн 12, 15, 16 дугаар хороо, Сүхбаатарын ес, 12 дугаар хороонд цэцэрлэг байхгүй, эндхийн хүүхдүүд дэргэдэх хорооны найз нарындаа өдрийг өнгөрөөдөг. Сүхбаатар дүүрэгт л гэхэд 20 гаруй жилийн өмнө л 22 цэцэрлэг байсан, тэрнээс хойш ганцыг ч нэмж байгуулаагүй гэнэ.Сониноос явна гэсэн сургаар багш, эрхлэгчид уулзах дуртай байсан. Тэд “Цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг төр бүрэн хариуцна гэж ээж, аав нарыг эрхлүүлж байхаар жилд зарцуулахаар төсөвлөсөн 10 гаруй тэрбум төгрөгөөр хэд хэдэн цэцэрлэг барьсан бол багш бидэнд болоод гэртээ ажлын байргүй суугаа багш нарт хэчнээн сайхан бэ. Сонгуулийн шоу хийнэ хийнэ гэхэд арай дэндэх юм” гэсэн нь харин үнэн үг шиг ээ.

Эдгээр цэцэрлэгийн байр хуучин, хүүхдүүд нь багтаж шингэхгүй, тоглож наадах газаргүй, гүйж харайх нь хязгаартай байна лээ. Ирэх жилээс алтан гахай, ам цагаан хулгана жилийн хэмээн өхөөрдүүлсэн олон мянган жаалуудыг ирэхээр эдгээр байшин эздээ даахгүй нурж унах вий.

Бид ингэхэд хаашаа яваад байгаа юм бол. Уг нь өөрийгөө тэтгэх капиталист нийгэмд шилжиж байна, шилжилтийн хүнд үеэ давж явна гээгүй бил үү. Социалист нийгэм рүүгээ эргэж буцаад байгаа юм болов уу, эсвэл өнөө коммунист гээчийг нь байгуулах гээд бултаараа зүтгээд байна уу. Найз залуутай болж, шинэ гэр бүл боллоо гэж, хэвлийдээ хүүхэд тээлээ гэж мөнгө авна, төрсний дараа ээж, хүүхэд хоёр хоёулаа мөн мөнгө авна, шинэ төрсөн иргэний 100 мянгыг бас авна, сар бүр гурав, улиралд 25 мянгыг давхар авна… Төрөөс авах авцаа дуусахгүй, даанч олон. Аваад аваад ахуй хангамж дээшлэхгүй, цугаараа дээшээ харж хэвтээд амьдрал доошоо унаад байх нь гачлан. Загас барьж өгснөөс загас барих аргыг нь зааж өг гэдэг ч худлаа бололтой.
Бэлэн зэлэн атлаа амтгүй ийм арчилгаа дэндүү олширч, бүр хүүхдийнхээ хоолны мөнгийг төлөх ч эрх үгүй ядуу, өрөвдөлтэй амьтан болж хоцров, бид. Аягүйдвэл дараагийн УИХ-ын сонгуулийн өмнө цэцэрлэгийн хүүхдүүдийн өмсөх хувцсыг ижилсүүлж, төр даана гэх биз.Уг нь зовж олсон мөнгө амттай гэдэг. Олзны бага нь ч гэх. Ажил амьдралаа өөрсдөө зохицуулна гэж ам тангараг өгч аав, ээжээсээ “виз” аваад тусгаар тогтносон залуус бид өөрсдийнхөөрөө амьдармаар байна. Цалинд авсан хэдэн бор цаасаа байр болоод унаа, хоол унд, тавилга сэлт засвар үйлчилгээ бүхэндээ хүргэж, чадахгүй бол зээл авч, дараа нь түүнийгээ төлж… Хэнээс ч хараат бус бардам алхахыг хүснэ. Би хүүхдээ өсгөж хүмүүжүүлж чадна гэж төрүүлсэн. Гайгүй сайн боловсрол эзэмшүүлэхсэн гэсэн бас хүсэлтэй. Алдсан ч миний, залуус бидний л алдаа. Яг ингэж боддог шигээ, хүүхдийнхээ хоолны мөнгийг өөрөө төлмөөр байна. Төрд гарах гэсэн, Засгийн эрхийг авах гэсэн хүмүүсийн бусдад таалагдах гэж зусардахдаа баталсан энэ олон нялуун хавтгайруулсан халамжгүйгээр…