- Гавьяатын улаан хуур өөрөө дуугардаг юм -

Энэ эрхмийг их эрэлттэй хөгжимчин гэдэг. 30 жил хөгжимдсөн түүнд дахин 10 гаруй жил тоглох нөөц байгаа гэнэ ээ. Ийн хөгжимдөж амьдрахдаа тэрбээр ганцхан хуур элээсэн нь сонирхол татлаа. Музейн шилэн хоргонд “тухалж”, эзнийхээ Монголын ардын урлагийн 30 жилийн түүхийг өгүүлэх улаан хуураа тэрбээр гэрийнхээ хойморт бурханчлан тахижээ. “Ах нь үг хэлэнд тааруу, гэхдээ морин хуурынхаа тухай бол яриад байна шүү” гэсээр зочин маань угтлаа.Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын морин хуурч Чүлтэмийн Батсайхан миний зочин. Сар шинийн өмнөхөн Ерөнхийлөгчийн зарлиг гарч, тэрбээр ардын жүжигчин хэмээн дуудуулах болсон. Ч.Батсайханы аав, ээж нь Дарьганга нутгийн улс. Улаанбаатарт төрсөн тэрбээр өөрийгөө Сүхбаатарын уугуул гэлээ. Нэг сайхан ая тоглооч гэвэл түүний санаанд хамгийн түрүүнд “Дарьгангын жаахан шарга” буудаг гэнэ лээ.

-Монголын нэг номерын хуурч хэн бэ гэхээр хуурчид таныг нэрлэдэг. Та хүлээн зөвшөөрнө биз дээ?
-Манайхан ингэж ярьдаг аа. Тоглоочийн хувьд шүү дээ. Би 50 хүрч байна. 50 хүртлээ тоглосон хуурч цөөн. Хуучин цагт байсан, одоо байхгүй. Ингэж хэлэхээр онгирсон гэх болов уу. Манай Батчулуун л гэхэд удирдаач болсон шүү дээ.
-Зарим нь багшлаад, удирдаад магадгүй дарга болоод дэвшээд явчих юм л даа?
-Нас 40 гараад ирэхлээр тоглож чадахаа болино, хэцүү. Гараас их шалтгаална. Би бол яахав, тоглож л байна. Энэ авьяастай холбоотой болов уу гэж боддог.
-Байгалиас заяасан авьяастай хуурч гэж үү?
-Надад байгаа авьяас энэ л байж. Өөр юм байдаггүй.
-Монголын шилдэг хуурч олон уралдаан тэмцээний түрүүтэй юү?
-1978 онд Хөгжим бүжиг төгсдөг жил мэргэжлийн хөгжимчдийн дунд анхны уралдаан болж, би дэд тэргүүн байр эзэлсэн. Түүнээс хойш оролцсонгүй.
-Морин хуурын анхны дөрвөлийн нэг биз дээ, та?
-Тийм ээ. 1982 онд хөгжмийн зохиолч Цогтсайханы санаачилгаар байгуулагдсан юм. Бид дөрөв тэр жилдээ Соёлын яам, Урлагийн ажилтны холбооны шилдэг уран бүтээлийн шагнал авч байлаа. Дэлхийн шилдэг бүтээл “Цэцэг нуурын хөвөөнд” аялгууг бид сэргээж тоглосон. Ардын жүжигчин Батчулуун бид хоёр тэгэхэд хамт тоглодог байлаа. Одоо бол ийм дөрвөл олон болсон. Манай чуулгад ч бий. Энэ хамтлагтаа би нэгдүгээр хуураа тоглосон хэвээр.
-Нэгдүгээр хуур гэдэг дуучдынхаар нэгдүгээр хоолой гэсэн үг биз?
-Гол аялгуугаа тоглоно. Гоцлооч нь юм.
-Хуур “бариагүй” бол Батсайхан ямар мэргэжилтэй нөхөр явах байсан бол?
-Мэс заслын эмч. Эмч болно гэдэг байв. Би багаасаа хөгжим сонирхдог, зургаан настайдаа баян хуур, мандалин тоглодог байлаа. “Ийм жаахан хүүхэд хөгжим тоглож байна” гээд зуслангийнхан онгирооно. Ээж түүнийг анзаарсан байх, Хөгжим, бүжигт шалгуулсан юм.
-Ингээд Жамъян багшийн шавь болсон уу?
-Тэгсэн, багш минь тосож авсан.
-Уг нь эмч болчихсон бол…?
-Ер ингэж боддоггүй. Өвөг дээдсээс уламжлагдсан ийм буянтай хөгжмийг тоглоно гэдэг бахархал. Ард түмнээ, өөрийгөө баясгаж хийморио сэргээж яваадаа баярладаг. Морин хуур бол миний баяр баясгалан. Морин хуурын ангид орсоос хойш энэ хөгжмөө бариагүй өдөр цөөхөн.
-Тархиа, гараа амрааж ямар дасгал хийх вэ?
-Ардын дуу тоглож бай, дасгал болно гэж Жамъян багш зөвлөдөг.
-Надад бол бөмбөг хөөж гүйвэл л амралт болох юм шиг санадаг?
-Зүгээр сайхан амрах ч сайхан л даа. Би теннис тоглодог.
-30 жил тайзнаа хуур татлаа. Дахин хэдэн жил тоглох чадал Танд байна?
-10 жил элбэг бий, 10 жил тоглоно. Ийм нөөц байгаа, итгэлтэй байна. Хуруу минь л хөдөлж байвал тоглоно.
-Хөгжимчний хувийн арга барил гэж байна л даа. Таны хувьд?
-Хувь зан чанар хөгжим тоглоход их нөлөөлдөг. Сайхан сэтгэлтэй хүн хөгжмийг их сайхан, сэтгэлээсээ уян тоглодог. Ширүүн зан авиртай нь ширүүн тоглоно. Толгой, ухаан хэрэгтэй. Бодож тоглоно шүү.
-Тэр өдрийн сэтгэл санаа нөлөөлөх нь ээ?
-Нөлөөлнө. Гэхдээ урлагийн хүн өөрт юу ч тохиолдсон бэрхшээлээ мартах учиртай. Тэгж байж л амжилтад хүрнэ. Хуур тоглодог хүн гоё сэтгэлтэй, зөөлөн болдог л доо.
-Та ийм олон жил тоглож байгаа юм чинь гайхалтай сайхан зөөлөн хүн байх нь ээ дээ?
-/инээгээд/ Намайг харахад ямар санагдаж байна. Зан чанар хөгжим тоглоход их нөлөөтэй. Ширүүн характертай хүн байлаа ч морин хуурт уусаад зөөлөн болдог юм. Ийм шидтэй хөгжим. Би хүүхдэдээ ширүүн үг хэлэхгүй шүү.
-Дуучид хэлдэг л дээ. Тэр хуурчтай дуулахад сайхан гэж...
-Сургууль төгсөөд энэ чуулгад ирэхэд хүүхэд гэж голоогүй. Ирэнгүүтээ нэгдүгээр эгнээнд тоглодог боллоо. Норовбанзад гуай надтай хамтрах дуртай. Тэр “Би Батсайхан, Батчулуун хоёртой л хамт дуулна. Өөр хуурчтай хамтрахгүй” гээд тушаал хүртэл гаргуулж байв. Норовбанзад гуай намайг өнгө сайтай гэдэг байсан.
-Өнгө чухал. Тоглолтын техникийг дадлагаар олоод авчихна гэдэг биз дээ. Гоё өнгөтэй дуучин гэж ярьдаг. Өнгө гэдгийг түрүүн ярьсан байгалиас заяасан авьяас гэмээр юм уу?
-Заяасан өнгө гэж бий, хичээл сургуулилалтаар сайхан өнгө олж авч ч болно. Би Норовбанзад гуайтай насаараа тоглосон. “Батсайхантай гарахад нүүр бардам” гэдэг байж билээ. Мөн гавьяат жүжигчин Лхамжав байна. Чимидцэеэтэй гарна. Манай залуу дуучид бас хамтарна аа. “Батсайхан ах баттай ар тал болдог, бардам дуулдаг юм” гэдэг. Уралдаан тэмцээнд явбал дагуулна. Уртын дууг дагаж тоглох гэдэг амар биш ээ.
-Түүнээс гавьяаттай хамтрах гол биш байх нь ээ?
-Алдсан ч алдааг нь засчихдаг ч юм уу, дуулахад өнгийг нь түрүүлээд өгнө. Нэг нэгэндээ дэм болж байх ёстой.
-Та дуулдаг уу. Энэ алдартай дуучдыг олон жил дагалаа. Алтны дэргэдэх гууль шарлана гэдэг шүү дээ?
-Дуулахгүй ээ. Хоолой байсан бол би их эвтэй, нугалаатай, тансаг дуучин байх байсан. Дотроо аялахад надад эв байдаг юм. Даанч хоолой нь байхгүй.
-Гэрт нэг, ажил дээр нэг хуур байх уу?
-Тэгнэ ээ.
-Хуур бариад ы40 жил болжээ. Энэ хугацаанд хэдийг элээв?
-Хуурчид бүгд мэднэ ээ. 1970 онд Хөгжим бүжигт ороод авсан хуураа өнгөрсөн жил л солилоо. Улаандуу, хүрэн улаан хуур л даа. Хүмүүс Батсайханы улаан хуур гэдэг юм. Хөөрхий, 200 гаруй нөхөөстэй. Энд тэндээ хагарна, нөхүүлнэ. Бараг музейд тавимаар болсон. Би түүнийгээ хэдэн жил барьж вэ?
-37 жил барьж шүү. 200 гаруй нөхөөсийг яаж тавьсан бол?
-Хөгжмийн үйлдвэр гэж байлаа. Засварчин Энхболд нарын хүмүүс задлаад наана шүү дээ. Өнгөрсөн жил хэлсэн л дээ “Хуурыг чинь дахин задалбал нааж болохгүй шүү. Задалбал бүх наалт нь сална” гэсэн. Тэгэхээр нь айгаад гэртээ хадгалчихсан. 1969 онд ширэн цартай хуурыг анх модон болгож эхэлсэн үе. Смирнов гэж орос мэргэжилтэн санаачилж хуурыг тайзны дуугаралттай болгож байлаа. Модон цартай анхны хөгжмийн нэг. Сургуульд барьж байгаад л тэр чигээр нь авчихсан.
-Норовбанзад гэж алдартай дуучинтай дэлхийн мундаг тайзнаа ч сурагчийн хуураараа тоглоод л байсан уу?
-Тэгсэн, ер гологдохгүй. Сурагч байхдаа л авсан болохоос сургалтын хур биш. Их гоё дуугаралттай хөгжим. Зарим хөгжимчин “Батсайханы хуур өөрөө дуугарчихдаг юм” гэдэг. Тэр нь ч юу юм, гэхдээ аргагүй сайхан хөгжим өө.
-Энэ хугацаанд огт солиогүй гэж үү?
-Солиогүй. Улам л сайхан дуутай болоод байлаа. Мод чинь хатах тусмаа л сайхан болох юм. Олон жил хадгалсан дарс шиг л. Гэрэлд харахаар нар гэрэлтэнэ, цаас шиг нимгэрчихсэн. Дэлхийн 30 гаруй орон, эх орныхоо өнцөг булан бүрт очсон хөгжим. Түүнийгээ гэртээ тахичихсан. “1969 он, Яровой” гэсэн тэмдэглэгээ нь наалттай хэвээр байгаа.
-Одоо тогловол дуугарна биз?
-Тэгэлгүй яахав, дуугарна. Дахин гэмтээчих вий гэж айгаад барьдаггүй. Ингэвэл нааж болохгүй гэсэн. Би эрдэнээ алдана. Миний амьдралыг өдий зэрэгт хүргэсэн, эзэндээ гавьяат цол авчирсан хуур аа. Талхны мөнгөө олж, амьдарлаа залгууллаа шүү дээ.
-Та их эрт гавьяат авсан байх, тийм үү?
-1993 онд, 35-тай байлаа.
-Улаан хуурыг ямар хуур залгав?
-Шар хүрэн хуур бий. Хөгжим урлаач, мастер Энхболд олон жил хатаасан модоор надад хуур хийж өгсөн. Би хоёр жил гэртээ хадгалж байгаад саяхнаас барьсан юм. Хүмүүс хуурыг барингуут л дуугарна гэж бодоод байдаг. Нэг, хоёр жил барина, дууг нь задална. Хөгжимчнөөс их шалтгаална. Анхнаасаа зөв бариад зөв өнгө гаргавал сайхан дуутай хөгжим болно. Миний улаан хуурыг өөр хүн дуугаргаж чаддаггүй юм.
-Шинэ хуурыг чинь хүмүүс юу гэж нэрлэж вэ?
-Одоогоор нэргүй л явна. Ямар ч гэсэн 10 жил барина аа. Би хөгжим солиод байдаг хүн биш ээ. Жамъян багш бас их гоё хууртай. Нямбай хадгална. Арчиж зүлгээд л байна. Хүн хүргэхгүй. Би хүүхэд байхын үүнийг нь анзаардаг байлаа. Цагаан сараар Батчулуун, Пүрэвхүү бид нар очдог. Тэгэхээр хуураа тоглуулах гээд гаргахгүй. Жамъян багш энд тэнд явахаараа “Батсайхан хаана байна” л гэнэ, хөөрхий.
-Анзаараад байхад та сонин хүн юм. Нэг хуураа 30 гаруй жил барина, анх ирсэн чуулгаасаа 30 жил хөдлөөгүй байна?
-Хүн аливаа зүйлийг өөрчлөөд байх хэрэггүй. Эргээд тэр байр сууриа олж авахад хэцүү гэж аав минь захидаг сан. Нэг газраа тогтвортой байсан хүн л амжилтад хүрнэ гэнэ. Манайх Монголын нэг номерын чуулга. Би энэ тайзан дээр хүн болж, ард олондоо танил болсон. Хаана ч очсон Ардын дуу, бүжгийн чуулгын /Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулга/ хөгжимчин гэхэд нэр хүндтэй. Энэ тайз олон сайхан алдартныг төрүүлсэн.
-Элдэв янзын санал танд олон ирсэн биз?
-Тэгсэн. 1990-ээд онд гадаадад гарах уу, тэнд тоглох уу гэдэг л байсан. “Жамух”, “Мандухай” чуулга ирээч гэсэн. “Чуулгаа орхиж чадахгүй ээ” л гэдэг.
-Өвөр Монгол нэлээд олон явж, тэнд тоглохын зэрэгцээ багшилсан уу?
-1988 онд тоглолтоор очсоноос хойш тийшээ яваагүй. Өвөр Монголынхон миний тухай ярьдаг, асуудаг. “Батсайхан гэж хүн амьд уу” гэж. Хуурчид нь энэ хүнтэй нэг уулзах юм сан, харах юм сан гэдэг гэнэ лээ, их сонин. Тэнд миний хуурцаг, цомог бүгд байдаг гэсэн.
-Архаг хуурчийн хувьд залуучууддаа зөвлөгөө хэлээч?
-Ардын дуугаа тогло. Орчин үеийн хүүхдүүд уртын дуу мэдэхгүй байна аа. Хөдөө айлд очиход “За хүүхээ “Торой банди”-ийг нэг тоглоотохооч” гэнэ. Энэ хүүхдүүд сургуульд үздэг хэдэн зохиолоо л тоглож мэдэх юм. Үүгээр мэдлэгээ хязгаарлаж болохгүй ээ. Ардын дуу, уртын дуу тоглож сур. Морин хуур чинь үндэсний хөгжим, ийм дууны аялгууг тоглох үндсэн үүрэгтэй юм
-Морин хуурч дуучнаа дагаж хөгжимддөг. Түүний өмнө бэлэн будаа идэх ноот байдаггүй. Тэгэхээр та нар бүгдийг толгойдоо бичдэг юм байна гэж боддог л доо. Тухайлбал, таны гарт хэдэн дууны аялгуу байна аа. Шууд тоглочих уртын дуу гэмээр юм уу?
-30-аад уртын дуу бий. Ардын богино дууг ер нь тоглочихно оо. Эдгээрийг зүгээр нэг тоглож болохгүй ээ. Нугалаа, чимэглэл хийж тоглоно. Ардын дуунд нугалаа л гол шүү. Хүүхдүүд үүнийг л сайн сурах хэрэгтэй. Ингэж чадвал хэнд ч гологдохгүй. Зохиолын, сонгодог хөгжмийг бол ноотоор тоглочихно шүү дээ.

“Ардын таван хөгжим” гэсэн цомог Швейцарт хийлгэсэн, “Морин хуурын гайхамшиг” зэрэг бүтээлтэй гавьяат жүжигчин, морин хуурч Чүлтэмийн Батсайхан хөгжимдөө, чуулгадаа дурласан шигээ зарим зүйлд ийм үнэнч хандаж огт чаддаггүй. Тухайлбал, тэр машин жолоодож яагаад ч сурахгүй байна гэнэ. Гэр-чуулга, чуулга-гэр гэсэн товчхон маршрутаар 30 жил хуур үүрэн алхаж буй энэ эрхэм морин хуурт зориулсан Монголын анхны зохиол төрийн хошой шагналт, ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцаннорвын “Симфонетта”-г, дараа нь урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шарав, төрийн шагналт Ц.Нацагдорж нарын төрүүлсэн “дүү” нарыг нь ч гоцлон тоглосон хэрнээ сэтгэлдээ “Дарьгангын жаахан шарга”-ыг дуулж явдаг гэсэн.