Эрчүүддээ хэрхэн эрхлэхээ жигтэй мэддэг хүүхнүүд бид чинь тэднийгээ эрхлүүлж хайрлаж чаддаг бил үү. Сэтгэлд буусан болгоноо дэлгэж цацаад байдаггүй монгол эрсийн минь хийморь сүлд өөдөө байг. Гуравдугаар сарын 18 уг нь эрчүүдийн баяр биш. Монгол Улсын төлөө зүтгэе хэмээн тангараг өргөсөн мөрдэстэй эрчүүдэд хамаатай өдөр. Гэсэн ч нэг л мэдэхэд эрчүүд энэ өдрийг өмчилж авчээ. Тэд өөрсдөө өмчлөөгүй, бүсгүйчүүд бид өмчлүүлсэн ч байж магадгүй. Аль нь ч байсан хамаатай юу, бүсгүйчүүд минь өнөөдөр гэртээ баярын даруухан ширээ засах нь гарцаагүй. Гэр бүлээрээ ширээ тойрон сууж, амттай хоол идэн халуун яриа өрнүүлэх “хувийн өмчийн” ийм өдөр сайхаан. Эртхэн харина аа. Харин ямар хоол хийж гурван залуугаа баярлуулах вэ...
“Гал голомт” үндэсний хөдөлгөөний тэргүүн Д.Мөнхөө гуай хэзээний л дарга. Эмэгтэйчүүдийн сайн сайхны төлөө “улайран” зүтгэдэг тэрбээр “Хүүхнүүд минь, эрчүүдээ хайрлаарай” хэмээн чин сэтгэлээсээ хүссэн юм. Нээрэн ч эрчүүд үгүй бол хүүхнүүд бид хэн бэ. Хэнд зориулан гоёх билээ дээ. Мөнхөө гуайтай хийсэн ярилцлагаа би үе үе уншдаг юм. Та ч гэсэн уншаад үзээрэй, ухаантай хүнээс үг дуулах сайхан биш гэж үү. Ярилцлагаа яруу найрагч М.Билэгсайханы “Эрчүүдээ өмөөрч бичсэн шүлэг”-ээр хачирлалаа. Би мөр холбон шүлэг тэрлэдэггүй. Гэхдээ руу найрагчдыг чин сэтгэлээсээ хүндэлдэг. Хэлэх гээд хэлж чаддаггүй, цээжинд минь багтаж ядан чихэлдэх атлаа ивлэж уруулаар давдаггүй тэр л олон санааг найрагчид цэгцлээд биччихдэг юм шиг санагддаг. Тиймээс ярилцлагаа яруу найрагч М.Билэгсайханы “Эрчүүдээ өмөөрч бичсэн шүлэг”-ээр хачирлалаа.
Монголынхоо нийт хийморьлог сайхан эрчүүддээ баярын мэнд хүргэе