Эрчүүдээ өмөөрч бичсэн шүлэг

Яруу найрагч М.Билэгсайхан

Эр хүнийг та нар хааяа ч болов өршөө
Эрлэгт явахаас нь өмнө ханийн жаргал эдлүүл ээ

Эр нөхөр чинь эзгүй бол гэрийн чинь зай эзгүйрнэ
Эрдэмт хөвгүүд чинь үгүй бол төрийн чинь зай эзгүйрнэ
Эр цэрэг чинь үгүй бол эх орон чинь зай эзгүйрнэ
Эр хүнийг та нар хааяа ч болов өршөөж бай
Эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдлүүл ээ


Хэл нь тагнайгаа олохгүй тультчиж
Хөл нь дэлхийгээ онохгүй тэмтчиж
Хааяа нэг халамцуухан ирэхэд нь
Хараалын үг урсгаж халаасыг нь битгий хоосол оо
Янагийн захиа л лав гарахгүй шүү дээ, наадахаас чинь
Яахав дээ, хөөрхий шараа тайлах юмыг нь үлдээ

Эр хүнийг та нар хааяа ч болов өршөө
Эрлэгт явахаас нь өмнө ханийн жаргал эдлүүл ээ
Халуун залуу насыг нь хамт элээснээ бод оо
Хайрын галзуу дурлалд хамт элэгдсэнээ бод оо
Өөрийг чинь ээж болгосон эрийн тэнгэр юм шүү дээ
Үрийн чинь эцэг болсон хүний дээд юм шүү дээ

Хэчнээн жил амьд явахыг нь мэдэж болдоггүй орчлонд
Хэзээ хаана жаргана гэж хэрүүлийн алим хуваах юм бэ
Хазайсан газар нь тэдэнд чинь бүүвэй ээж шиг түшиг болдог юм
Халтирсан газар нь тэдэнд чинь бүсгүй хайр нөмөр болдог юм

Уул шиг юм гэж дандаа битгий давар
Үүл шиг нүүгээд явчихдаг юм
Ус шиг уян гэж дандаа битгий самар
Уур болоод дэгдчихдэг юм
Төгөлдөр их урмыг нь бүр хугалчихвал
Төрсөн шигээ уруугаа хараад уначихдаг юм
Эр хүнийг та нар хааяа ч болов өршөө
Эрлэгт явахаас нь ханийн жаргал эдлүүл ээ

Дээл бүсэн гоёлтой
Дээрээ малгайн хийморьтой
Андынхаа дэргэд цовоожиж
Аавынхаа харцанд томоождог
Янагийн сэтгэлд нялхарсан эрчүүдийг
Янжинлхамууд минь өршөө

Эр нөхөр чинь эзгүй бол гэрийн чинь зай эзгүйрнэ
Эрдэмт хөвгүүд чинь үгүй бол төрийн зай эзгүйрнэ
Эр цэрэг чинь үгүй бол төрийн чинь зай эзгүйрнэ
Эр хүнийг та нар хааяа ч болов өршөөж бай
Эрлэгт явчихаас нь өмнө ханийн ханийн жаргал эдлүүл ээ