Монголын ”Битлз”


Дэлхий “Битлз”, “Ролинг стоунз”-ийг сонсдог, шүтдэг байх тэр цаг үед Монголд “Соёл-Эрдэнэ” байлаа. Байлаа… гэхэд зарим хүн дургүйцэх байх. Яагаад гэвэл “Соёл-Эрдэнэ” одоо ч дуулсаар байгаа… дуулсаар, хөгжимдсөөр ч байх болно гэсэн үзэлд нэвт шувт шингэсэн нэг байтугай үеийнхэн манайд бий.

Үүнийг гэрчлэх Монгол Улсын гавьяат жүжигчин, “Чингис хаан” хамтлагийн ахлагч, дуучин Дашзэвэгийн Жаргалсайханы бүтээл “Үл тасрах аялгуу” хэмээсэн ном. “Соёл-Эрдэнэ”-ийн аялгуу нээрээ тасраагүй байна лээ. “Тэр” бол улсаас цалинждаг Монголын цорын ганц хамтлаг. Бэлтгэл хийх байр “савны” талаар санаа зовохгүй уран бүтээлээ хийж суудаг бас л ганц хамтлаг. Соёлын төв өргөөнд тэдний өмч гэмээр цэлгэр өрөө бий. Өнгөрөгч баасан гаригт тэднийд зочилсон. Хөгжим хангинаж…

…Азаргаар адуун дундаас
Асгал халиун тонжоо
Айлын багачууд дундаас
Амраг тэр минь тонжоо….

…Уулын цаагуур орлоо Дамдин
Учирна гэсэн чинь яалаа Дамдин
Хүүш Дамдин… тэд дуулж байна лээ.

Монгол Улсын гавьяат жүжигчин дуучин Ч.Насантогтох, Т.Ариунаа нарт тоглолтын өмнөх бэлтгэлээ хийхэд зориулсан том толь, сандал шүүгээ байна. Эд юмсынх нь дээхнэ талд ханан дээр энэ хүмүүсийн өмч болно хэмээсэн бичиг хаджээ. Мөн хамтлагт дуулж, хөгжимдөж асаж явсан гавьяат жүжигчин Д.Галсанбат, З.Зундарь, Б.Баяраа, Б.Нандинцэцэг, Б.Дамдин, Д.Дуламсүрэн, Д.Дамдинсүрэн… хөрөг зургийг нь эрийтэл өржээ. "Эд бол бурхад. Од гэж үнэхээр байдаг юм бол тасархай одод доо. Бурханд сайн хүмүүс хэрэгтэй байдаг биз дээ. Соруудыг нь аваад явчих юм" хэмээн тэнд цугласан хөгжимчид санаа алдаж байна.

Саяхан гавьяат болсон "том" хэмээх Гончигийн Жаргалсайхан, гитарчин Болоож, бөмбөрчин Цолмон… хөгжимчид дуучдаа ирэхээс өмнө бэлтгэлээ базааж байгаа бололтой.

Тэдний хөгжимдөхийг харж, сонсож удаан суулаа.

…Ар цармын цэцгүүд нь ээ хө
Алаглаж найгаад байна уу даа
Алс нутгийн чамдаа
Аргагүй дасаад байна уу даа хө…
…Ай миний хайранд уярна

Амин насны урсгал долгино… дурсамж хөвөрнө. Дуучин Баарангийн Баяраа, хөгжимчин дуучин Дашбалын Дамдинсүрэн /Даамиа нэрээр нь олон хүн мэдэх байх/ нар дуулаад байх шиг… Чанартай сайн уран бүтээл эзнээ ийн мөнхөлдөг ажээ. Микрофоноо атгаад тайзнаа гараад ирж буй юм шиг санагдтал хөгжимдөх юм даа, тэд.

40, 50 мянгат, 220 мянгат, Микрийн орцнуудад шөнө дөл болтол гитар цангинаж, дуу хуур тасардаггүй байсан. "Бид банзан гитар тэвэрсэн тэр үеийнхэн хэмээн бахархах дуртай хүмүүсийг энэ нөхөд уруу татаж байж шүү дээ" гэж бас бодогдоод…

"Манай хамтлагийг хар даа. Монгол орноо ингэж тойрч, аймаг сум болгонд хүрч тоглосон байгаа биз" гэж хамтлагийн бөмбөрчнөөр өнөөг хүртэл ажиллаж буй Б.Цолмон гайхуулж байна.

1986 онд долоон аймаг 103 сум, 1987 онд есөн аймаг 52 сум, 1988 онд есөн аймаг 107 сум…. Ийм урт жагсаалт 1990-ээд оны дунд үе хүртэл үргэлжилж Монголын газрын зураг дээр аялан тоглолтоо тодотгон тэмдэглэгээ хийжээ. "Эднийх чинь хамгийн баян хамтлаг байсан байхгүй юү" гэж шүтэн бишрэгч нь ярианд оролцож байна. "Дарханд тоглолт хийхэд л бүгдээрээ дублёноктой, Эрдэнэтэд очвол данагар данагар хивстэй ирдэг. Танай өрөө чинь дүүрэн хивстэй байсан биз дээ, яагаад цөөрчихөө вэ" гэж байна. Өрөөндөө халамцуухан орж ирвэл хивсэн дээр бас нэг хивс нөмөрч унтчихаад маргааш өглөө нь банга хүртэж явснаа нуусангүй.

Ш.Гүрбазарын "оношлосноор" дэлгэсэн тэрлэг шиг Монголын газрын зургийн дэргэд дэлхийнхийг бас байрлуулжээ. "Соёл-Эрдэнэ"-ийнхний хүрээгүй хуурай газар, тоглоогүй улс орон гэж бараг алга бололтой. Хар өнгийн фламастраар очсон газар орныхоо нэрийг дугуйлаад тэмдэглэжээ, тарлан цоохор зураг өлгөөтэй байна.

Үе үеийн "Соёл-Эрдэнэ"-ийнхээс Чулуунбаатарын Насантогтох, Бадамын Цолмон, Гончигийн Жаргалсайхан гурав л одоо төсвийн байгууллагад ажиладаг хэмээсэн тодотголтой үлдэж. Цөөхүүлээ үлдсэн тэднийхээ цол гуншинг ажилласан жилийнх нь хамт бичээд ханаа гоёсон байв.

Унаган багын аашаараа
Уулын гөрөөс шиг омголон явлаа…
хэмээн дуулж үеийнхээ залууст "Анхны хайр хаанаас ирдэг вэ" гэсэн асуултын тэмдэг үлдээн цангинуулж асан Буурангийн Нандинцэцэгийн нэр тэнд байна. Нэрийнх нь ард БАЙЛАА гэж цагаан цаасан дээр бичээд оруулга хийн наасан нь тодхон харагдана. Нандиаг бурхны оронд очихоос өмнө дурсгалын ийм самбар хийсэн бололтой. "Соёл"Эрдэнэ"-ийнхнээс гуравхан хүн үлджээ… гээд харуусан бодлоо. Үеийнхээ охид, хөвгүүдийн зүрхийг зүсэж… Тэднийг л харчихвал хамаг ажил нь бүтчих юм шиг залуус "Соёл-Эрдэнэ" рүү хуйларна. Ямар өмд, цамц өмсөж вэ оёдлынхоо машины гарыг дангинатал эргүүлж байгаад яг тэднийх шиг хувцас хийж өмсөж байж гэмээ нь санаа нь сая амарна. Тэд үнэндээ "тасархай амьтад" явжээ. 1970-аад оныхон урлаг, ялангуяа эстрад урлагт тийм дуртай байсан юм болов уу эсвэл тэд ийм урлагаар цангаж байсан хэрэг үү. "Битлз", "Ролинг стоунз"-ыг биширч, Чехийн "Олимпик", Унгарын "Омега", Германы "Пудес", "Электра" хамтлагийн пянз, хуурцгийг нэгэн нэгэндээ сэм дамжуулж, мянгантаа хуулан сонсож байсан Монголын залууст "Соёл-Эрдэнэ" үнэндээ шинэ тэсрэлт байжээ.

Тэдний анхны тоглолт 1971 оны есдүгээр сард одоогийн Улсын драмын эрдмийн театрт болжээ. Тасалбарынх нь үнэ таван төгрөг. Галын машин, нохойтой цагдаа хамгаалалтад гарч…

Нэгэн эмэгтэй тоглолтод орох гэж шахцалдаж яваад даашинзаа гээчихэж. Тэр хувцсаа "мултартал" чихэлдсэнээ хожим мэдсэн гэдэг. Хөдөө орон нутагт анх тоглоход нь бас л нэг эмэгтэй эдний хөгжим чанга дуугардаг гэсэн гэж болгоомжлохдоо чихэндээ хөвөн чихжээ. Тэгсэн дараа нь түүнийгээ авч чадахгүй галт тэрэгний эмч дуудаж бөглөөгөө гаргуулсан. Домог шиг иймэрхүү явган яриа одоо ч үргэлжлэх нь бахархмаар.

"Соёл-Эрдэнэ" хамтлаг байгуулагдсанаас хойш Соёлын яамны коллеги ойр ойрхон хэдэнтээ хуралдаж залуусын үс гэзэг болоод уран бүтээлийн талаар шүүмж өрнүүлдэг болов.

"Хоорондоо зодолдож байснаас гитар балбаж байсан нь дээр. Гитараар дамжаад хөгжимд дуртай болно шүү дээ" хэмээн урлаг судлаач, соёлын гавьяат зүтгэлтэн Жамцын Бадраа гуай өмөөрч, "Зайлшгүй хөгжих урлаг. Замыг нь зөв зааж өгөх хэрэгтэй. Сэтгэл нь хөөрөхөөрөө хамаагүй чанга тоглодог улс даа. Иймд тоглох сахилгын талаас нь ихэд анхаарч ажиллахыг цаашид анхаарвал зохино" хэмээн төрийн хошой шагналт, ардын жүжигчин хөгжмийн зохиолч Лувсанжамбын Мөрдорж гуай дэм өгөхөд "Үс, гэзгээ ургуулаад л улсын үнэтэй цайтай хөгжмийг хайр гамгүй эдлээд л… Энэ бүхэн эдний ухамсартай холбоотой, олсон жаахан амжилтдаа сагсуурч байна" хэмээн зарим нь зандарч байж.

"Найрамдлын тухай дуулж байхад нөхөр Зундарь чи яагаад дунд нь хашгирч байна. Чи яагаад үсээ засуулахгүй байгаа юм. Өмнө нь сануулж хэлсэн байх аа.Үг авахгүй бол танай хамтлагийг татан буулгана. "Баян Монгол"-той нэгтгэж чуулга болгоно шүү.

"Төрсөн өдрийн дуу л гэнэ. Жаргаарай, цэнгээрэй л гэнэ. Хэний хөдөлмөр, юуны хүчээр жаргаж цэнгэх гээд байгаа юм бэ". "Зарим дууг нь хасъя. Маш чанга тоглож байна" хэмээсэн хуучинсаг шүүмжлэлүүдтэй манай баатрууд олонтаа учирч сүүлдээ ч дөжирсөн бололтой юм.

…Сөгнөгөрийн гол ус нь
Шөнөдөө намуухан урсана даа хө
Сэргэлэн жаахан чи минь дээ хө
Сэтгэлийг чинь дагаад мишээнэ дээ хө

…Нартай борооны дусал шиг
Нүд гялбам хурцхан өнгөтэй…
…Бүсгүй минь чи инээмсэглэж яваарай
Цэмцгэрхэн байгалиа чимж яваарай…

...Хол газрын айлчин
Халуун нутгийн шувуу

Хавар цагийн анхны яргуйг зуусаар ирлээ… Энэ болоод урын сан дахь олон зуун дуугаар нь бага нас, идэр залуу үеэ төсөөлдөг, бүтэлгүй дурлал, анхны хайр, анхны хүүхэд амьдралынх нь хамаг сайхан дурсамж "Соёл-Эрдэнэ"-тэй холбоотой хүн олон бий. Эдгээр дурсамжийг амилуулах тоглолт энэ сарын 29-нд Соёлын төв өргөөнд болно. Тасалбарынх нь үнийг энд дурдахаа түр азнаад тэдний фэнүүдээс ирсэн саналыг харин уламжилъя. 1970-аад онд 20 гаруйхан настай аархаж явсан залуус одоо буурь сууж, улсынхаа бүхий л салбарт гол хүч болон ажиллаж буй. Магадгүй олон нь хувийн бизнес эрхэлж, улсын нуруун дахь ачаанаас үүрэлцэж яваа. Энэ үеийнхэн шүтэн биширч явсан хамтлагийнхандаа "Та нар "UB палас"-т тоглолт битгий хийгээрэй. 10, 20 мянган төгрөгийн тоглолт үзээд тэнд сууж байх тиймхэн юм. РЦНК-д бичил сайхан тоглолт хий л дээ. Тасалбарынхаа үнийг 100 доллар гэж хэл. Тийм цомхон сайн тоглолт үзмээр байна" гэсэн аминчхан хүсэлт тавиад буй дуулдав. Өнөөгийн залуус, дүү нартайгаа бужигнаад "Соёл-Эрдэнэ"-ийг сонсвол дурсамжаа сэргээх сайхан мэдрэмжээ авч чадахгүй хэмээхдээ ийн булагнахаар хуйвалдсан сураг байна лээ.

Холын газраас санагдаад байлаа
Сайхан монгол бүсгүйд би хайртай…
хэмээн дүү нарынхаа дэргэд дуулаад суух аятайхан биш санагдаа биз дээ.

"Соёл-Эрдэнэ 35" тоглолтод гавьяат жүжигчин, хөгжимчин тус хамтлагийн уран сайхны удирдагч Г.Жаргалсайхан, гавьяат жүжигчин, дуучин Ч.Насантогтох, хамтлагтаа 30 дахь жилдээ бөмбөр тачигнуулж буй хөгжимчин Б.Цолмон болон нэгэн үе "Соёл-Эрдэнэ"-д уусан, түүнгүйгээр амьдарч чадахгүй болтлоо дуулж, хөгжимдөж явсан, хожим амьдралаа хөөж, хувийн уран бүтээл туурвихаар "урвасан" "Чингис хаан" хамтлагийн ахлагч гавьяат жүжигчин Д.Жаргасайхан, гавьяат жүжигчин дуучин Т.Ариунаа, гитарчин Б.Болоож, Өөжгий болон "Харанга"-ын Х.Лхагвасүрэн, дуучин Д.Дашдондог, гавьяат Б.Сарантуяа нар оролцох юм билээ.

Дуучин Б.Нандинцэцэгийн улаан фэн Б.Сарантуяа "Миний аз жаргалын дуу" хэмээсэн Д.Галсанбатын хөгжим сайхан дуугаар ая барина. Тэр Галсаа ахыг амьд сэрүүнд "Би таны энэ дууг дуулсаар байна" гэж хэлжээ. Тэгэхэд нь талийгаач "Энэ дууг чи л амьдруулж чадна" гэсэн юм хэмээн хамтлагийнхан сонирхуулав. Сараа энэ дуугаар "Цэнхэр дэлгэц"-ээр шоу нэвтрүүлэгт оролцсоныг зарим уншигч санаж буй байх. Тэр анх дуулахдаа "Галсаа ахад сонсгож амжсан бол" гээд уйтгарлаж суусан гэсэн.

Монголын рок поп гэсэн нэгэн тусгаар тогтносон өрх айл бий. Рок поп хамтлаг, дуучин, стиль жанр, бүжгийн хөдөлгөөн, дээр өгүүлсэн урт үс, элдэв мөнгөн тоноглол, чанга хөгжим… Бүгдийг "Соёл-Эрдэнэ" Монголд "нутагшуулсан". Хакерууд хэмээх мотоцикль унан савхиар гангардаг моодыг тэд эхлүүлсэн. Монголд анхны алтан пянзыг тэд л гаргасан. Анхны рок дуурийг тоглосон. Гадаадын наадамд оролцож, шагнал авчирсан. Ерөөсөө эрх чөлөө, ардчиллын салхийг тэд анх үнэртүүлж, үндэслүүлсэн юм шиг ээ.

Төр үнэлж, ард түмэн хүндэлсэн Галсанбат, хоёр Жаргалсайхан, Насантогтох, Наранбаатар, Ариунаа гавьяатыг "Соёл-Эрдэнэ" төрүүлжээ.

Урлагийн гавьяат Д.Ухнаа гуай, "Мартагдашгүй намар", "Улаан дарцаг" кинонд залуу насаа мөнхөлсөн дуурийн дуучин, гавьяат Д.Ганхуяг ч энэ хамтлагт данстай явсан.

Эстрад урлагийн амьд домог Д.Ухнаа гуай

…Бутны олон туулайг
Буудьюу байя уу ай хө…
гэж дуулж байсан гэнэ.

"Соёл-Эрдэнэ"-ээс "Чингис хаан", "Харанга", "Хөх тэнгэр", "Хонх", "Болор", "Никитон", "Хурд", "Хар сарнай"… бүгд салаалсан. Өнөөдөр од хэмээн мандаж буй жаалууд ч тэдний л үндэс, салаа мөчир. "Соёл-Эрдэнэ"-ийг алдарт "Ялла"-тай зүйрлэн чуулга хэмээн хүндэтгэх хүн ч Монголд олон. "Харанга" хамтлагийн ахлагч гавьяат жүжигчин Цэндийн Энхманлай энэ хамтлагийг Монголын "Битлз" хэмээн төсөөлдөг гэсэн. Гавьяатын үгийг олон хүн хүлээн зөвшөөрнө гэдэгт итгэнэ.