Лимит чинь дууссан гээд хөл минь дохио өгөөд байна


Насны намар гадаа ирэхэд
Нартын жамыг ухаарах юм аа хө...
гэж “солгой” Төмөрхуяг мөн ч олон дуулсан. Түүнтэй ярилцаж суухдаа “Энэ нөхөр чинь нартын жамыг арай өөрөөр ухаарсан эр үү дээ” гэж бодлоо. Магадгүй түүний үзэл бодол танд таалагдахгүй байж болох. Гэхдээ мэдээж эзэн нь өөрөө зөв хэмээн бодож буй нь лавтай. Өөрийн бодол өөртөө зөв гэдэг.

Бөөрөнхий дэлхий ганцхан ч сая сая хүмүүс өөр өөртөө, бусдад ч тайлагдашгүй нэгэн ертөнц. Намдагийн Төмөрхуяг гэгч ертөнц бүр ч өвөрмөц юм шиг санагдсан. Зургийг тань авъя “Малгайгаа тайлчих” гэхэд тэр зөвшөөрөөгүй. Аппарат “явсан” хойно манай зочин буурал суусан гэзгээ харуулах гэж шляпаа авлаа. Тэр цэрэгт алба хаасан гурван жилд л өөр малгай өмссөн. 1970-аад оноос хойш ийм загварын малгай ээлж, халаагүй элээж байгаа гэсэн.

-Бие дажгүй юү?
-Хөлөө эмчлүүлээд эмнэлгээр л яваад байгаа. Шинэ жилээр эмнэлэгт байлаа, дараа нь нэг хэвтсэн. Маргааш бас хэвтлээ. Сар шинээр эмнэлэгт байх нь. Гадуур халтиргаа ихтэй, чамтай уулзах гэж ирж явахдаа нэг залууд эгээтэй л дайруулчихсангүй. Машин барьж чадахгүй байж бас гар утсаар яриад явах юм. Би “паникт” ороод яахаа ч мэдэхээ болилоо. Зөвхөн автын ослоор жилд 500 гаруй хүн хорвоог орхиж байна гэх. Энэ чинь ямар дайн болж байгаа биш дээ, тийм үү.

-Машинаас айдаг бололтой?
-Айхгүй яах юм. Уг нь би дээр үеийн, аль 1967 оны жолооч. Хатуухан хэлэхэд, одооны жолооны курсуудыг алуурчин бэлтгэх дамжаа гэмээр болсон. Монголчууд Халх голын дайнд ч ийм олноороо үхээгүй юм гэнэ лээ. Ер нь зүй бусаар жилд мянгаад хүн явдаг шиг байгаа юм. Сонин хэвлэлд үнэн бичдэг бол шүү дээ.

-Гайтай тэр жолоочоос болоод таны сэтгэл санаа тиймхэн байна уу, үгүй юү?
-Ер нь гоё сайхан юм харагдахгүй л байгаа шүү дээ. “Бүгд Найрамдах Монгол Ард Улсын төлөө зүтгэе” гэж Энхболдбаатарын киног дүүтэйгээ үзлээ. Муухай гутарлаа.

-Хэлмэгдлийн гашуун түүх таны сэтгэлийг үймүүлэв үү?
-Бөөн уур, таягаараа ардаа суусан хүүхэн, залуу хоёрыг цохих гээд далайсан. Хөөрхий лам нар буудуулахад тэнд байсан залуучууд хошин шог үзэж буй юм шиг хөхрөөд л инээлдээд байх юм. Ямар улсад байна аа л гэж бодсон. Би их цочмог ууртай, ийм үед хэн нэгнийг таягдаад авах юу ч биш.

-Таяг бариад удаж байна уу?
-Гурван жил гаруй боллоо. Заримдаа энэ залуучуудын өмнөөс гутрах юм аа. 25 дугаар сувгаар гардаг “АХА” нэвтрүүлгийн оролцогчдыг хааяа харна аа, мэдэх юм алга шүү, тэдэнд. Монголын эртний Төрийн дуулалыг нэрлэ гэхээр “Жалам хар” гэж солиорч байгаам шүү дээ.

-Хоёулаа гэрэл гэгээтэй зүйлийн тухай яръя л даа. Сар шинэ ч гарлаа, монгол хүмүүс байна.
-Болж бүтэж байгаа зүйл алга байна шүү дээ. Нүдэн дээр ил болоод байгаа муухай юмыг яах юм бэ, аягүй зовлонтой. Үүнээс болоод үс ингээд цайчихсан. /Малгайгаа аваад/ Уг нь би чинь ийм цагаан толгойтой байгаагүй юм.

-Насных байлгүй дээ?
-Ингээд бухимдахаар илүүтэй түргэн цайх юм.

-Тас хар үстэй залуудаа ч үзүүлж явсан бололтой?
-Нударга зөрүүлнэ, ширүүн ч байлаа. Харахад ийм зөөлөн юм шиг атлаа би нэлээд гайгүй хулигаан явсан юм. Хэнтийд ч, хаана ч мэддэг хулигаан явжээ. Солгой Төмөрөө гэнэ, хутга Төмөрөө ч гэнэ. Тоглоомгүй хэлэхэд дургүй хүргэсэн нэгнийг хутгаар явуулчихад тоохгүй. Айж ичих юмгүй явжээ, одоо бодоход. Хэдий ийм хулигаан ч ах зах хүмүүсээс айна, тэднийг хүндэлдэг байж. Зодоон цохион хийхэд үеийнхэнтэйгээ л үзнэ. Ах настай хүний өмнө хонь. Урлаг намайг хүмүүжүүлсэн.

Энэ хотод бөөн бухимдал. Хөдөө уулын аманд хэдэн малтай айл үгүй мөн жаргалтай харагдаж байна аа. Сэлэнгийн Түнхэлд найзындаа очоод өчигдөр ирлээ.

-Хөдөөний хүн болох далдхан хүсэл байна уу?
-Ер нь хотод байгаад байх сонирхол бага. Хөл минь гайгүй болбол хавраас тоглолтоо хийчихье тэгээд л...

-Хүмүүс Төмөрхуягийн тоглолтыг хараад байх шиг байна?
-Тийм ээ. Маш их хүлээж байна. Өнгөрсөн зун Базарсадын Болдбаатарын “Бүжин сарны зүүд” тоглолтод оролцоод хөдөө орон нутгаар явлаа. Хөшиг хаачихаад байхад л “Дуучин Төмөрхуягаар дуулуулъя” гээд байх юм. Миний тоглолт биш шүү дээ. Гэхдээ их сайхан санагдсан.

-Уран бүтээл хийлгүй хэчнээн жил завсарлав аа?
-1992 оноос хойш албан ёсоор зарлуулж дуулаагүй. “Варьетэ”-д байж байгаад гарсан л даа. Энэ 15 жилд явъя гэсэн газраараа очиж, дуртай газраа тоглож ёстой нэг дураараа дургиж явна.

-Энэ хугацаанд юу амжуулж вэ?
-Юу амжуулах вэ дээ. Хүмүүсийн тоглолтод оролцсон байна, хэдэн сайхан шүлгэнд аялгуу бичлээ. Би чинь цэрэгт байхаасаа л ганц нэг дуу хийсэн. Хавар хийх тоглолтод минь Энхзул нараас авахуулаад гавьяатууд дуулна. Одоо ч дуучин болох дэндүү амархан болжээ. Моод болж. Царай зүсийг нь харахгүй бол хэн дуулаад байгаа нь мэдэгдэхгүй юм. Дууных нь үг, шүлэг аялгуу нэгнээсээ тасарч ялгарахааргүй адилхан. Энэ нь дууны хөгжил юм уу, завхрал юм уу бүү мэд. Хэдэн жилийн дараа хэн нь хэн бэ гэдэг нь танигдах биз. Өөрийгөө таниулахын тулд клип хийлгэх юм. Уг нь дуу гэдэг чинь чихээр дамжиж хүнд хүрдэг, сонсох урлаг шүү дээ.

-Та гитараа бариад “тасраад” гараад ирээч. Орон зай байх шиг байна.
-Байлгүй яахав. Бодож л байна. Гитар минь ч бий.

-Олон гитар элээсэн үү?
-Хамгийн сүүлд нэг найз минь намайг ард түмний гавьяат боллоо гэж бэлэглэсэн юм. Сайхан япон гитар. Хуучнаа найз нөхөддөө, айлын хүүхдэд өгчихдөг.

-Та ч одоо мэдээж урлагийн ямар нэг байгууллагад орно гэж байхгүй ээ?
-Орохгүй. Тэгж ч өөрийгөө барьж өгөхгүй ээ. Би ер нь цаг хугацаа... юунд ч баригдах дургүй. Тааваараа явж байгаад л дуусна. Хөдөө нээрэн сайхан байна аа. Галт тэрэг хот руу дөхөөд ирэхэд л баахан бужигнаан... Өнөө цагаан сар нь болох гээд л...

-Та харь гаригаас ирсэн хүн шиг л ярих юм. Нийслэлчүүд бид энэ утаа, уур бухимдал, замын түгжрэл, халтиргаа гулгаа бүгдэд дасаад, уусаад байна шүү дээ?
-Нэг л хэцүү шүү. Манай Толгойтод хотын төвийг бодвол ч гайгүй шүү.

-”Төмөрхуяг гэж сайхан дуучин хаана явна аа” гэж сураглах юм л даа, энэ хүмүүс чинь. Таныг үгүйлээд байдаг бололтой.
-Хаа явах вэ дээ, Монголдоо л байна. Дампуурах юу байх вэ, бас хэдэн жил давгүй архи уулаа. 10 гаруй жил шаргуу, эрчимтэй уусан.

-Одоо яаж байна?
-Больсон. Хөл гар ийм боллоо. Боль гээд цаанаасаа дохио өгөөд байгаа юм байлгүй.

-Амьдрал ямар байна?
-Ах нь гайхуулаад байх амьдралтай хүн биш. Ганцаараа байна. Эхнэр хүүхэд байсаан, дээр үед 1993 онд салсан. Дараа нь нэг авгай аваад таван жил болоод бас салсан. Найм, есөн жил ганцаараа явна. Одоо ч хүнтэй суугаад яахав дээ. Ааш араншин таарахгүй, хүн зовоохын нэмэр биз. Нэг нэр хоёр хоч л болно.

-Өмнө нь хоёр эхнэртэй байжээ. Тэр бүсгүйчүүдийгээ хэр жаргааж байсан юм бол, Та
-Мэдэхгүй, өөрсдөө хэлэх биз. Жаргалтайдаа жаргалтай л байсан байх. Тэр үед чинь би харин архи дарс уудаггүй байсан юм.

-Хэдэн хүүхэдтэй вэ?
-Гурван хүүтэй. Том маань эхнэр авсан гэнэ лээ. Би өвөө болж байгаа байлгүй. Тэд хааяа ирнэ ээ. Монгол улсаа хөгжүүлэх гээд завгүй явдаг биз. Сургууль төгсчихөөд мэргэжлээрээ ажиллахгүй юм. Ийм байхад энэ олон сургуулиар үхсэнээ хийдэг юм, энэ улс. Мөнгөний л юм шиг байх шиг байгаа юм.

-Энэ олон жил ганцаараа амьдарч байна гэж үү?
-Тийм. Уйдна гэж үү, ийм зүйл байхгүй. Найз нөхөд байна. Тэдэнтэйгээ уулзаж учирна, гарна, орно.

-Олон нөхөдтэй юү?
-Олон юм шиг байгаа юм. Есөн шидийн найз бий. Энэ нийгмийн давхрага болгонд миний найз нөхөд, танил бий. Гэхдээ шалгараад цөөхөн нь үлдэх юм.
Уулын цэцэг олон боловч улаан цэцэг ховор шүү гэдэг шиг л...

Би бол найз нөхдөө шорон оронд орлоо ч эргэж очдог. Хулгай хийчихэж, хүн алчихсан гэнэ гэхэд нь би итгэдэггүй. Дотроо өмөөрөөд л байдаг юм. Тухайлбал, Түмэнгэрэлийг тийм хэрэг хийсэн гэхэд итгэдэггүй. Тэр золиос л болсон. Хүнийг ашиглаад дараа нь цааш харуулдаг аргад манай төр мэргэжлийн боллоо. Өнөө лам нарыг амь гуйгаад байхад өршөөлгүй буудсан шиг ээ. Ер сайхан юм ярьж өгөхгүй байна уу.

-Ингэж яриад байгаа хүнтэй цагаан сар, баярын тухай юу ч ярих билээ дээ?
-Сар шинэ сайхаан. Хөдөөд бүр сайхан тэмдэглэдэг. Хоёр хөгшин минь өнгөрчихсөн, ямар хэдэн дүү нар дээрээ очиж золголтой биш. Хэнтийд зургаан дүү минь бий.

-Таны зургийг авах гэсэн юм. Малгайгаа нэг тайлаатахаач. Нийгмийн бухимдлаас болоод цайсан үстэй чинь хамт авъя. Таны зураг болгон л шляптай байдаг шүү дээ.
-Яах юм бэ.

-Хэзээний л ийм буржгар урт үс. Олон жил ургуулж байна уу?
-1980-аад оноос гэзэг тавьсан. Одоо ч ургахаа больжээ. Тэжээлийн дутагдал болсон байдаг юм уу яадаг юм.

-“Амьдрал хайр дээр тогтдог”, “Саа мөнгөн Хэрлэн”, “Халхын сайхан хүүхнүүд”, “Зүүдэн бороо”, “Зүрхний уяа”, “Насны намар”, “Намрын дурсамж”, “Хорвоод ганцхан ээждээ”... Энэчлэн олон дууг Төмөрхуягийн гэж овоглон нэрлэж болмоор байна. Эдгээрээс харахад Та төрийн шагналт хөгжмийн зохиолч Ц.Чинзоригтой олон уран бүтээл хийжээ. Та нар сайхан найзууд явсан биз. Яруу найрагч Ш.Уянга байна.

-Сайхан найзууд байсаан. Хөөрхий, болдогсон бол чамайг нийтийн унаанд ч суулгамааргүй байна, олон хүнд үзүүлээд, олон нийтийн газраар явуулаад баймгүй байна гэдэг сэн. Чинжиг /Ц.Чинзориг/ надад ингэж хэлдэг байлаа.

-Таныг их хайрлаж, харамладаг байж?
-Найзыгаа хайрлаж байгаа сэтгэл нь тэр.

-Тэр бас л тан шиг зөөлөн зөөлөн дуугарсан нэгэн байсан?
-Ер нь элдэв өнгийн зан байхгүй. Би Чинжигийн дэргэд ширүүн, хүн амьтантай муудалцвал цохиод авна. Нэг удаа, талийгаач Уянга, Чинжиг хоёр автобусанд явж байж. Хоёулаа сайхан хүмүүжилтэй улс. Өрөөсөн гараа сойчихсон согтуу нөхөр орж ирээд манай хоёрыг сандлаасаа бос гэж дээрэлхээд ёвроод авсан гэдэг юм. Дараа нь надад “Уянга бид хоёрт ийм зүйл тохиолдлоо. Дэргэд Төмөрөө явсан ч болоосой гэж ярьж байлаа” гэсэн юм. Хоёулаа зөөлөн, уран бүтээлээ яриад, онигоо хэлэхээс хэтрэхгүй улс. “Саа мөнгөн Хэрлэн”-г зохиосон Галдандоржийн Сүхбаатар талийгч боллоо. Ёндонгийн Сүхбаатар бас алга. Жамъянгийн Болд-Эрдэнэ, Уянга, Чинзориг... одоо байж байвал олон уран бүтээл хийж баймаар хүмүүс биднийг орхиод явж дээ.

-Бурхнаас заяасан авьяастай хүмүүс эрт явчих юм аа. Энэ хар ус л... гээд хүмүүс шогширдог. Танд ч бас бурхан нэлээд “юм” өгсөн. Гэтэл та тэр сайхан боломжийг дутуу л ашиглаад байх юм. Дуучин гэдэг мэргэжил бараг бизнес болсон. Та юу эс андах вэ?
-Би тийм айхавтар шуналтай хүн биш ээ. Хүнд их зүйл хэрэг байхгүй ш дээ. Хамгийн гол нь эрүүл байх хэрэгтэй. Их мөнгө олоод, таван давхар байшинд сууя гэж бодохгүй.

-Ийм том хаус биш ч гэлээ та хотын төвд ойрхон хоёр өрөө байртай бол л доо.
-Үгүй яахав дээ. Ингэж амьдарч болох байлгүй дээ.

-Авьяасыг зах дээлд оруулах хэрэгтэй, мөнгө олооч гэж л хэлэх гээд л... Авьяастай гэсэн олон хүн бурхны тэр хишгийг тосож авч чадсангүй юү дээ гэж бодох үе гардаг л юм. Гэтэл өнөөдөр дуулдаг гэж нэр зүүсэн, тайзан дээр гарсан болгон л бараг од болж, мөнгө олж, амьдралаа байтугайг аваад яваад байх юм. Шар хор хөдлөхгүй юм уу?
-Одоо тийм ээ...харин...

-Энэ бацаанууд хит болсон хоёр дуугаа хавчуулаад л нэг цомог хийж худалдаанд гаргаад байх юм гэж уур чинь хүрэхгүй байна уу? Ингэхэд Төмөрхуягийнх гэсэн бие даасан цомог бий юү?
-Ахад нь хоёр цомог гаргах материал байна аа.

-Тээр... дөнгөж материал шүү.
-Дуулчихсан, бэлэн болсон материал.

-Гэхдээ л та түүнийгээ эцсийн бүтээгдэхүүн болгон худалдаанд гаргаж 10 мянган төгрөгөөр борлуулж өнөөг хүртэл амжаагүй л явна.
-/инээгээд/ Зараагүй ээ, зараагүй. Юунд ч яарах вэ дээ.

-Та хэдэн жил дуулж явна аа?
-Хүн чинь цаг хугацааны боол шүү дээ. Тэдэн онд төрсөн, сургуульд орсон. Хүн энэ цаг хугацаа гэгчид тэртээ тэргүй баригдсаар яваад л өнгөрдөг юм чинь ганц олдсон энэ амьдралаа өөрөө өөртөө чөлөө өгвөл өгсөн шиг өгч, элдэв зүйлд баригдахгүй өнгөрүүлэх сэн гэж боддог. Ингэж ч чадаж байна. Би аливаад яарж сандарч, адгах тун дургүй. Өнөөдөр мөнгөгүй л байна, маргааш мөнгөтэй болно. Хамгийн гол нь эрүүл мэнд чухал. Хөлөө ийм болохоор л ойлгож байна шүү дээ. Ах нь маргааш эмнэлэт хэвтлээ. Сар шинээр эмнэлэгт байх нь ээ.

-Танд хамгийн сайхан нь ямар баяр вэ?
-Цагаан сар, наадам сайхан.

-Алийг нь нижгэр тэмдэглэх вэ?
-Өө, тэгж айхавтар сүр бараа болохгүй. Хүмүүс цагаан сараа яаж хийнэ ээ гээд санаа зовж байна. Надад бол ийм зовлон алга. Өнөөдөр Баянгол дүүргийн Ардчилсан нам ахмадуудаа хүлээж аваад би очлоо. Надад урилга өгдөг юм. Тавгийн идээ бэлэглэж байна лээ.

-Идээгээ гэртээ тавьчихсан биз дээ?
-Дүүгийндээ хүргүүлсэн. Би яах вэ, эмнэлэгт ямар засалтай биш. Мөнгө төгрөг бодож тархи толгойгоо гашилгахгүй, жаахан амар амгалан амьдарч байгаад дуусгачих хэрэгтэй байгаа юм. Юунд нь санаа зовдог юм. Нүцгэн ирээд, нүцгэн буцдаг хорвоо шүү дээ. Байшин барилга, машин техникээ аваад авсанд орох юм шиг л зарим хүн санах юм. Ингэх юм шиг зүтгэж байгаа хүмүүсийг харахаар нэг бодлын өрөвдмөөр, хаашаа ч богинохон бодолтой хүмүүс байдаг юм. Эсвэл би тийм мулгуу төрсөн юм уу, бүү мэд.

-Гурван хүүтэй эцэг хүн. Тэдэндээ жаахан юм зэхэх хэрэгтэй байх л даа.
-Надад ийм зүйл огт бодогддоггүй. Эрүүл саруул, сайхан төрүүллээ. Тэдэнд өөр юу хэрэгтэй юм.

-Яг одоо танд хамгийн түрүүнд юу хэрэгтэй байна. Нуулгүй үнэнээ хэлчих л дээ? Унаа, байр ч юм уу. Бурхан сонсог.

-Эрүүл баймаар байна.

-Таяг тулахгүй явмаар байна гэж үү?

-Тийм ээ. Байр яах вэ. Ирэх зун байртай болно. Манай Толгойтод, бидний газар дээр шинэ хороолол барих гэж байгаа. Газрын эздэд байр өгнө гэсэн. Унаа хэрэггүй ээ. Цагт нь, залуудаа улсын унаа тэрэг их унасан. Одоо жаахан алхая, явган явъя. Тэгээд ч хотын энэ замбараагүй хөдөлгөөн дунд тэрэг бариад явбал би бүр боож үхнэ. Машинтай битгий хэл явган явахад хэцүү байна.

-Танд одоо данстай албан газар алга. Цомог гаргаж борлуулаагүй. Амьдралаа юугаар залгуулж байна?
-Ганцаараа хүнд чинь юу хэрэгтэй юм бэ. Худлаа хэлэхгүй, хулгай хийхгүй ах дүү нараа зовоохгүй болж л байна. Юу хэрэгтэй юм, хоол унд уу?

-Үүнийг чинь мөнгөөр л авна биз дээ?
-Би ямар том ресторанд ороод байх биш. Гэртээ нэг жаахан мах аваад тавьчихна.

-Тэр махыг мөнгөөр авна биз дээ?
-Халтуур энэ тэрд явчихаад байдаг юм. Өмсөх хувцас байна, хонины ганц гуя авахад надад сар гаруй болж байгаа юм шүү дээ. Үргэлж ч гэртээ байхгүй л дээ, сэтгэл тогтож өгөхгүй гараад явчихна.

-Архи дарснаас одоо холдсон биз дээ?
-Лимит чинь дууссаан гээд энэ хөл минь дохио өгөөд байна аа