Монголын эстрадын Том ах


Соёл-Эрдэнэ”-ийн Д.Галсанбат. Дипломатч Дэмчигжавынх долоон бурхантай айл байж. Тэр долоо Галсан нэртэй, долуулаа хүү байсан нь элбэг биш тохиол. Айлын дунд хүү Галсанбатыг рок попынхон хүндэтгэн Том ах л гэдэг байж. Түүнээс насаар хамаагүй ахмад, урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Ухнаа гуай хүртэл түүнийг Том ах л гэх.

Монголын нэг номерийн гитарчин. Ц.Энхманлай, Д.Өлзий-Орших, Болоож, Энхболд нарын өнөөдөр “толгой цохиж” яваа хөгжимчид түүнийг амьд сэрүүн ахуйд энэ алдрыг өгсөн юм. Том ах гитар тоглох аргын “А”-г заагаагүй ч банзан гитартай ноцолдож эхэлсэн цагаасаа тэд түүний тоглосон аязыг дуурайлгах гэж хичээдэг байж л дээ. Түүнээс өмнө Монголд хүлээн зөвшөөрөгдсөн ийм хөгжимчин байгаагүй тул Том ахыгаа дүү нар нь багш гэх нь аргагүй биз ээ.

Том ах гэхээр бусад нь түүний дэргэд жижиг байсан гэсэн утга биш л юм. Тэр яг хүүхэд шиг, жигтэйхэн алиа, гэнэн итгэмтгий тийм сонин нөхөр байж л дээ.

Түүний байгаа газарт инээд буцалдаг байсан гэж нөхөд нь дурслаа. “Мөнх-Оргил трейд” компанийн захирал, менежер… компанийнхан тэр чигээрээ Галсанбатын улаан фэн. Монголын анхны эстрад хамтлагийн 35 жилийн ой энэ жил тохиож байна. “Соёл-Эрдэнэ”-ийнхнийг “Өнөөдөр” сонин дурсаж, уншигчдадаа танилцуулж буйг сонссон тус компанийн захирал Бумбагын Эрдэнэбаатар, Чимидийн Энх-Амгалан нар сайн андынхаа тухай ийн хүүрнэв. Захирлын өрөөнд болсон яриаг товчлон элдэв ганган зүүсгэлгүй хүргэе. Б.Эрдэнэбаатарыг рок попынхон Буу гэх юм билээ. Энх-Амгалан өөрийгөө Том ахын “горшоокны” найз гэж танилцуулаа.

Галсанбат дипломатч аавыгаа даган Хятад, Солонгост амьдарч байсан. Гэргий нь хүүхдүүдээ багад өнгөрсөн юм санж. Дэрсхэн долоон бандиийн хэн нь эртэч вэ, тэр


угаасан оймс, тосолсон гуталтай номондоо явна. Нойрмоглосон нь зүсэм талх ч үгүй хоцорч мэднэ. Энэ тухай аав нь хүүхдүүдээ том болсон хойно найз нарт нь ярьж суусан гэдэг.

Ах нараа даган банзан гитар тэвэрч, орцонд үдшийг өнгөрөөдөг байсан Д.Галсанбатын хамгийн сайн багш нь “SMOKIE”, “BEATLЕS”, “QUEEN”, “АВВА” зэрэг хамтлагийн гадаадаас нууцаар оруулж ирсэн пянз. Орцноосоо дэвшиж, Драмын театрт үдэш бүр болдог нийтийн бүжигт хөгжим тоглодог болсон намхан хүү урлагийн томчуудын хараанд өртөж “Соёл-Эрдэнэ” чуулгад данстай хөгжимчин болсон түүхтэй. Энэ түүх эхлэхээс өмнөхөн ийм нэгэн явдал болжээ. “Хайрын захиа бичиж чуулгад ирсэн юм” гэж уран бүтээлчид ярьсан нь ор үндэсгүй зүйл биш ажээ.

Улсын филармонийн дарга, төрийн шагналт, ардын жүжигчин, удирдаач Ц.Намсрайжав “Алив, Галсанбат аа, чи ажилд орох өргөдлөө бичээд ир” гэж. Даргын өрөөний хаалгыг хаагаад зогсож байснаа үзэг цаас аваад “Сайн байна уу, Намсрайжав дарга аа. Би ажилд орохыг туйлын их хүсэж байна. За өөр зүйлгүй. Таныг хүндэтгэсэн Д.Галсанбат” гэж бичээд гарын үсгээ зурсныг дарга хараад “Чи наад хайрын захиагаа аваад гар” гэж чанга дуугарсан гэсэн.

Метр 50 см орчим өндөр нуруутай Том ах яах аргагүй “Соёл-Эрдэнэ”-ийн өнгө төрх байсан юм. Хөдөө суманд тоглолтоор очжээ. Өөрөөсөө намхан хүүхдүүдийг өндөр намаар нь жагсаан, хамгийн сүүлд мөлхөө жаалыг суулгаж, өөрөө тэргүүнд нь зогсоод зургаа авахуулчихаж гэнэ. Дараа нь зурагтаа “Сумын хамгийн өндөр хүн” гэсэн тайлбар зүүж нөхдөө савж унатал инээлгэсэн гэж байгаа.

Шинэчлэлийн эхэн дээр юм болов уу. Хамаг л “амьтан” Эрээн рүү гахай үүрдэг цаг. Цагаан сарын өмнөхөн. Галсанбат, Энх-Амгалан хоёр ярьж сууснаа Эрээн гарч сар шинийн бэлэг сэлт цуглуулахаар гэнэт шийдэж галт тэргээр гараад өгч. Замын-Үүдийн боомтын байцаагч нар гавьяатыг хүндэтгээд жигтэйхэн. Штамбыг нь хамгийн түрүүнд дарж өгөөд, аанай л эхний “69”-өөр хил давжээ.

Хятадын хил хаалттай байж. Байцаагчдыг хүлээнгээ тэндхийн ажилчидтай Том ах хятадаар ярьж, инээж хөөрөөд л сүйд. Энэ бүгдийг ажигласан байцаагч нар түүнийг овоо хараандаа авсан бололтой юм. Ажил эхэллээ. Нутгийнх нь хэлээр сүрхий яриад байсан түүний паспортыг их л хянамгай үзэж гэнэ. Балрах нь тэр. Паспортных нь хугацаа дууссан байж. Ингээд хятад хэлний хэргийг гаргаж чадсангүй, хил зөрчигч болох нь тэр.

Том ах жигтэй их сандарч байсан ч машины цонхоор авч явсан хэдэн төгрөгөө нөхөртөө өгөөд захиасаа хэлээд амжиж. Замын-Үүдэд иртэл халаасанд галт тэрэг байтугай автобусны ч мөнгө байсангүй. Вагоны үйлчлэгч бүсгүйчүүд түүнийг халамжлан нийслэлд авчиржээ. Сонирхолтой нь, сохор зоос ч үгүй явсан тэрбээр тэвэр дүүрэн жимстэй, гадаадаас ирж буй хүндэт зочин шиг л маадгар буусан гэдэг.

“Соёл-Эрдэнэ”-ийн Галсанбат ядарч явна гэнэ ээ. Паспортоо хятадуудад хураалгаад… түүний энэ түүх амнаас ам дамжин “урт” унаагаар нэг тарж, шүтэн биширдэг хөгжимчин нь ингэж зүдэрч буйд харамссан залуус гавьяатад жимс, жимсгэнээс гадна гэртээ харих унааны мөнгө зэргийг өгсөн гэж байгаа.
Тийм ч өндөр биш, бас тамирчин биш хөгжимчин атлаа тэр Монгол Улсын хөдөлмөрийн баатар Х.Баянмөнх аваргыг алгадсан гэвэл Та итгэх үү. Ёстой их эд байгаа биз. Ийм явдал бас болжээ.

Том ах нэлээд хэдүүлээ Улаанбаатар ресторанд хооллож суужээ. Яг тэр үеэр Х.Баянмөнх аварга хэдэн тамирчин байрын том биетэй залуустай ороод ирж. Д.Галсанбат “Би аваргыг алгадчихвал та нар юу өгөх юм” хэмээн саваагүйтэж. Нөхөд нь коньяк амалж. “Сайн байна уу, аварга аа” гэхэд нь түүн рүү харжээ. Хооллож суусан аварга, мэнд мэдэн зогсож байсан хөгжимчин хоёр өндрөөрөө яг зэрэгцэж байж. “Сайн” гэж хэлээд гар барих гэхэд нь мөрийгөө авах гэсэн залуу түүнийг алгадаад авлаа. Хүмүүс ёстой мэл гайхна биз дээ.

Хэдэн өдрийн дараа Ленин клубт /хуучнаар/ сонсгол хийж, Баянмөнх аварга оролцжээ. Нийгмийн идэвх сайтай Том ах хамгийн эхний эгнээнд сууж байж. Баянаа аваргад хүмүүс олон асуулт тавих юм гэнэ. Гэтэл нэг нөхөр “Аварга аа, таныг хүмүүс маш их хайрлаж хүндэтгэдэг. Та тэдний хайрыг мэдэрдэг биз дээ” гэхэд аварга “Күмүүс янз бүрээр кайрлана шүү. Кайраа янз бүрээр илэрхийлдэг. Зарим нь алгадаж күртэл кайрладаг “ гээд Галсанбат руу инээж харсан гэдэг.

Банзан гитар тоглох, урт өргөн өмд өмсөх… Галсанбатын хөдөлгөөн, яриа хөөрөө бүрийг дуурайх гэсэн “хувьсгал” 1975-1985 онд өрнөж байсан гэхэд хилсдүүлсэн болохгүй. Тэдний нэг нь дээр танилцуулсан Буу /Б.Эрдэнэбаатар/. “Соёл-Эрдэнэ”ийг Төв аймагт очиход тоглолтынх нь бичлэгийг магнитафонд бичиж аваад даган тоглож байжээ. Тэд 1998 онд танилцаж, түүнээс хойш сайн анд болсон гэсэн.

-Та аль хамтлагт хөгжимчин байсан юм бэ? Галсанбатын дууны хөгжмийг таныг л хамгийн сайн тоглодог гэж соль гитарчид магтах юм билээ.
-Үгүй ээ. Би уран бүтээлч биш. Бөөн дурын уран сайханч. Галсан ахын фэн нь байгаа юм. Том ах манай компанийн ажилтан шиг л ойр байсан. Биднийг хөгжим ойртуулсан. Амгаагаар зуучлуулж бид танилцсан. Энэ хоёр яах аргагүй багын найз л даа.

Тэд Том ахынд нэг цуглажээ. “Соёл-Эрдэнэ” Зууны манлай хамтлагаар тодорсны дараа гэнэ. Бууг гитар тоглохыг нэлээд ажигласан том Жагаа /гавьяат жүжигчин, хөгжимчин Г.Жаргалсайхан/ “Захын нэг хүүхэд ингэж хөгжимдөөд байх юм бол бид удахгүй ажилгүй болох юм байна” гэж байж.
Том ах “Хүдэр жолоо” гэж жолооны дамжаанд суужээ. Замын цагдаагийнхан ирж шалгалт авлаа. Тэр үед тус газрын дарга нь Т.Занашир байж.

Түүнийг жолооны шалгалтаа яг өгч эхлэхэд утас нь дуугарч л дээ. Хашир утсаа авуутаа “Аан, Занашир ах уу. Би жолоогоо өгч байна…” гээд яриад эхэлж. Тэгсэн дэргэд нь суусан багшийн нүд бараг орой дээрээ гараад хэд хэдэн шон мөргөж бужигнуулсан түүнийг шалгалтад тэнцүүлжээ. Хамгийн эхний сонсогч шон унагаачихаад тэнцсэн тул бусад нь улаан гэрлээр жолооч болжээ. Харин дараа нь захирлынхаа захиалгаар “Хүдэр жолоо” гэж дуу зохиож Бархасаар дуулуулсан гэнэ. Түүнээс хойш тус курсийнхэн элсэлт авахдаа сүлд дуугаа эгшиглүүлж, “Төгсөхдөө дуугаа сурсан байна шүү” гэж захиргааддаг болсон гэдэг.

Шинэхэн жолооч хоёр найзыгаа дагаад Төв аймагт компанийн ажлаар явжээ. Унаа олдохгүй сандрахдаа л Том ахыг жолоочоор дуудсан юм байж. Тэгсэн нутгийнхан жолоочийг нь дагаж хөөрөөд, ажил хийлгэх янзгүй, урьж дайлаад хэцүүдсэн гэсэн. Энэ дурсамжаа тэд “Нэр хүндтэй хүн дагуулж явах хэцүү юм байна лээ. Том ах үнэхээр од байсан шүү” гэсэн үгээр дарууллаа.

Д.Галсанбат эстрадынхнаас хамгийн анхлан Монгол Улсын гавьяат цол хүртсэн юм. Рок попынхон түүнийг булган сүүлтэй гэдэг. Том ахын энгэрт ийм шагнал гялалзах болсныг Монголын төр рок поп урлагийг хүлээн зөвшөөрсөн гэж тэд ойлгодог юм. ”Анд минь яг л сахилгагүй хүүхэд шиг явжээ. Бид түүнийгээ өнгөрсний дараахан “Бүсгүй минь чи инээмсэглэж яваарай” гэж дурсамж тоглолт хийсэн. Яг л гашуудлын гэмээр их хүнд тоглолт болж билээ.”

“Тэмээн жингийн цуваа”, “Хайрын хишиг”, “Үйлчин бүсгүй”, “Миний аз жаргалын дуу” зэрэг дууг нь дуулахдаа үзэгчид нүдэндээ нулимстай, хөгжимчид нь сэтгэлдээ уйлж байсан гэсэн.
Энэ дурсамжийн минь эзэн Д.Галсанбатын гэргий Д.Алимаа Хөгжим бүжгийн коллежид багш. Долоон бурхантай айлын дунд хүү гурван хүүтэй. Хоёр нь Америкт сурдаг гэсэн. Том ах гэргийдээ зориулж “Ханийн дуу”-гаа бичсэн билээ.

Улирлын сайхан хавраа дагаад
Усны шувуу ирэх юм даа
Учирсан сэтгэлийн хайраа дагаад
Ханийн заяа нийлэх юм… Үргэлжлүүлээд дуулаарай. Монголын “Битлз” “Соёл-Эрдэнэ”-ийн концертын тасалбарыг авчихаад өөрийгөө энэ хорвоогийн хамгийн азтайд тооцон инээж зогссон гэнэн залуу насандаа Та эргэж очих болно.