Хэнэггүй нь дэндсэн нөхөр


“Нандиа, чи байр авах уу, гавьяат жүжигчин цол хүртэх үү”. Хачин асуулт. Нандиа гайхаж, эргэлзсэн ч үгүй “Байр” хэмээн эрсхэн хариулсан гэдэг. Дуучин бүсгүй их сонин. “Соц” үеийн сэтгэлгээнээ ер гарахгүй. Зах зээлийн нийгэмд шилжлээ. Хүн болгон мөнгөний араас бараг амиа тавин гүйв. Тэр тэгээгүй.

-Таны тоглолт ямар үнэтэй вэ?
-3000.

-Хямдхан л юм.
-Үүнээс илүү үнээр яаж тоглох вэ. Үзэгчдээ бодох хэрэгтэй. Өндөр үнэ хэлчихвэл хүмүүс муу хэлэх байлгүй…
Тэр баян ч юм шиг байгаа биз, гэтэл бас тийм биш ч юм шиг.

-Дуучин Сараа танд гар утас авч өгсөн гэсэн. Яагаад барьдаггүй юм бэ?
-Унагаад, будаа болгосон.

-Өөрийг авахгүй юм уу?
-Санхүүгийн боломж алга.

Нэр төр, байгалиас заяасан авьяасаа ашиглаад мөнгөжиж ёстой чиг болмоор хүн бол яах аргагүй Нандиа. Шинэ цагийн одод шиг халтуур хийж яагаад болохгүй гэж тийм ээ.

-Тоглолтоо хийж баяжиж байгаад утас авах уу?
-Энэ тоглолтоос надад нэг ч төгрөг өгөхгүй гэсэн. Монголын залуучуудын холбооныхон “Бид таныг алдаршуулна. Өөр юм байхгүй. Мөнгө төгрөгний хувьд ничего нету” гэж хэлсэн.

-Танаар бизнес хийгээд байгаа юм биш үү. Та Соёлын төв өргөөг байтугай Бөхийн өргөөг элбэгхэн дүүргэх үзэгч сонсогчтой хүн шүү дээ?
-Бид чинь хүнд үгүй гэж хэлж сураагүй юм. Дуучин Сараад энэ тухай хэлсэн “Та өөрийн толгойгүй юм уу. Тоглолт хийхгүй гэж хэлэхгүй яасан юм бэ” гэж загнаж байна лээ.

-Хэдэн жилийн өмнө таныг нэг дуугаа таван мянган төгрөгөөр дуулдаг гэж ярьж байсан. Ханшаа өөрчилсөн үү?
-Төмөрөө бид хоёр “Хоёулаа хандивын тоглолт хийж байхаа больё” гэж ярьдаг юм. Хоёр дуу тавин мянгаар дуулж байгаа. Тэгээд хэцүү. “Нандиа эгч ээ, уучлаарай” гэсэн хүнээс чинь мөнгө нэхэлтэй биш. Урьсан хүн мөнгө өгөхгүй бол яваад л өгдөг.

-Амьдралд өөрчлөлт орж байна уу?
-Эцсийн эцэст тав, тавь, таван зуун мянга ч бай адилхан зарж үрээд л дуусна.

-Дээхнэ үед цуглуулсан хур “юм” байгаа биз дээ?
-Яг ш дээ. Юун хөрөнгө, мөнгө цуглуулах. Нууцаар тоглолт хийвэл донгодуулж, дагалдан жүжигчин болно шүү дээ.

-Одоо эрх биш хүнээс мөнгө нэхэж сурч байгаа байлгүй.
-Ичээд байх юм. Цаанаасаа л болж өгөхгүй юм.
Ингэж л ярьдаг нөхөр дөө. Ийм хэнэггүй хүнээс чи гавьяат болох уу гэж асууж байдаг. Яг л “Би гавьяат болъё” гэж гуйна ш дээ.

Соёлын төв өргөөний нэгдүгээр давхарт “Соёл-Эрдэнэ” хамтлагийнхны бэлтгэлийн өрөө гэж түүх ханхлах цэлгэр танхим бий. Оруут бүсгүйчүүдийн үс, зүсээ гоёх, өөрийгөө харах хоёр толь бүхий ширээ угтдаг. Ч.Насантогтох, Т.Ариунаа гэж толины дээр томоос том цагаан цаасан дээр тод хараар бичсэн байх юм. Нандиад ийм эд зүйлс байхгүй. Яагаад гэвэл, тэр гавьяат биш. Гэхдээ түүнд эдгээрээс илүү үнэтэй зүйл байгаа нь ард түмнийх нь хүндлэл, хайр. Чихээ тавин сонсож, сэтгэлээ уудлан ярих дурсамжийг нь Нандиагийн дуунууд сэдрээдэг.

“Соёл-Эрдэнэ” анх байгуулагдахад Соёлын яамны сайд Ч.Лодойдамбын урилгаар Монголын анхны хамтлагт Нандиа дуучнаар очсон. “Баянмонгол” чуулга, Улсын филармонид бас дуулна. Түүнээс өөр эстрадын дуучингүй үе Монголд байж шүү дээ. Тэгсэн атлаа түүнд толь, ширээ сандал зэхсэнгүй. Нандиа “Би чинь тэр чигээрээ түүх болчихоод байгаа юм” хэмээн нэгэнтээ үнэн сэтгэлээсээ “хаагсан” удаатай. “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 25 жилийн ойн тоглолтод тэр оролцсонгүй. Дуучин Д.Дуламсүрэн, Х.Төмөрөө, Б.Баяраа нартай хамт Дарханд тоглолтоор явж байгаад галт тэрэгнээсээ хоцорчихож. Олон хүн түүнийг загнажээ. Загнуулах заримдаа гоё байдаг бололтой юм.

Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Ухнаа “Чи байхгүй болохоор ямар тоглолт болох юм” гээд тачигнаж гарчээ. “30 жилийн ойгоороо дуулъя” гэтэл нь “Тэр үед чи чавганц болсон байх биз. Юун дуулах манатай” гэжээ. Тэр ийн загнахад нь өөрийгөө хамтлагтаа хэрэгтэй зайран байх нь хэмээн үнэлж анх удаа биеэ тоосон гэж байгаа. Хамтлагийн 30 жилийн ой 2001 онд болсон. Нандиа оролцсоон. Цаг хугацаа гэж нээрэн хурдан юм.
Монголын эстрадын ганц дуучин моод хөөцөлдөхгүй байна гэж яаж байх юм. Гудамж шүүрдсэн урт, өргөн өмдтэй,үсээ дээш нь овоолгоод самначихсан Нандиа өмдийхөө шуумгийг хайчлуулах вий гэж цагдаагаас айна. Мөнгө биш моод хөөж, уран бүтээлдээ уусаж амьдарсан Нанди эгч минь.

Унаган багын аашаараа
Уулын гөрөөс шиг омголон явлаа
Уулын гөрөөс шиг омголон явахдаа
Урсгал сайхан харцтай учирлаа…
гайхалтай сайхан дуулж байна. Хэдхэн хоногийн өмнө энэ дууг сонслоо.

Хайрын нандин сэтгэл
Хаанаас ирдэг юм бэ
Аз жаргал зөгнөсөн анхны хайр
Алаг зүрх зүсээд ирэв үү…
дуулах нь сонсогдоно. Дуучин нь харин Нандиа биш байна. Түүнгүйгээр “Соёл-Эрдэнэ”-ийн тоглолт болохгүй тул хамтлагийнхан нь Сарааг урьж.
Тэр амьд сэрүүн байна, ард түмнийхээ сэтгэлд дуутайгаа хамт мөнхөрчээ. Сарааг дуулаад байхад олон хүн Нандиаг төсөөлөн дуугаа сонсоор…

…Буцах хунгийн дуунаар сэрсэн… гэж өөрийн эрхгүй чангахан аялаад алхмаар санагддаг. Хэнэггүй нь дэндсэн энэ нөхөр “шинэ” хорвоодоо дасаж ижилсэхдээ дуугаа бас эгшиглүүлж явдаг байж таарах нь. Түүний дууг аялах тоолонд ийм бодол төрдөг. Эвлэлийн илгээлт өвөртлөн 1970 онд Монголын эстрад урлагт ирсэн Буурангийн Нандинцэцэг дулаахан дүр төрх, уянгалаг дуу хоолой, шилдэг сайхан уран бүтээлүүдээ үзэгч олныхоо сэтгэлд үлдээгээд 2006 оны нэгдүгээр сард “шинэ” илгээлт өвөртлөн гэнэт одсон юм.

Харин тэр өнөө хэнэггүй зангаа аваад явсан гэнэ лээ. Өнөөгийн залуус, шинэ цагийн уран бүтээлчид мөнгөлөг сэтгэлгээтэй, бүх зүйлийг хөрөнгө, мөнгөөр хэмждэг болсон. Тэгэхээр миний хэнэггүй зан, мөнгөнд дурлаагүй сэтгэл тэдэнд хэрэг болохгүй, харин ч төвөг удаж мэднэ” гэж бодсон байх. Түүнээс биш тэр харамлаж мэдэхгүй. Гэтэл өнөөдөр бидний амьдралд Нандиа эгчийнх шиг хэнэггүй атлаа нэг тийм дулаахан, гэнэн цагаахан зан үгүйлэгдээд байгааг та анзаараагүй яваа юм биш