Нийслэлчүүд ээ, Үндэсний цэцэрлэгт хүрээлэндээ хандив өргөе

Улаанбаатарчууд амралтынхаа өдрөөр очих дуртай сайхан газартай болох нь. Хүүхдүүдээ хөтлөөд алхах тухай орчин тэнд бүрдэнэ гэнэ.

Олимпийн гудамжаас зүүн тийш Баянзүрхийн гүүр хүртлэх 670 га талбайд байгуулах Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн сургийг олон хүн чих тавин чагнаж байна. Гадаадаас найз нөхөд минь ирвэл нүүр бардам үзүүлэх цэцэрлэгт хүрээлэнтэй болох нь ээ. Дугуй уная, наран шарлагын газарт гаднын улсууд шиг хэвтэж үзье л дээ, энэ чинь. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд энэ байтугай тухлах боломж олдох бололтой.

Дэлхийд эдийг засгийн хямрал нүүрлэлээ, цар тахлын шинжтэй өвчний аюул тулгарлаа, байрны үнэ өслөө, Улаанбаатар өвөл нь утаатай, зун нь шороотой, зам гэж там болжээ, аравдугаар ангийн гурван хүү ангийнхаа охиныг чирээд жалга руу оржээ, хулгайчаас болгоомжлоорой, гэрээ эзэнгүй орхиж болохгүй, хүүхдүүдээ ганцааранг нь битгий гаргаарай... Үргэлжийн ийм хар мэдээ сонссоор зарим хүн таатай зүйлийг ч “автоматаар” хараар будаж хардаг болох янзтай. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй болно гэсэн чимэгтэй мэдээг ийм таагүй зүйлээр хачирласандаа хүлцэл өчъе өө. Гэрэл гэгээтэй сайхан тохиолдол, үйл явдлыг олж харах бэлгийн нүд хүнд уг нь баймаар аа гэж...

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн тухай товч танилцуулъя.

Хүүхдийн парк буюу Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн нийт талбайг тоон утгаар илэрхийлбэл 32 га. Үүнтэй харьцуулахад, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ямар гайхамшигтай том талбай эзлэх нь танд тодорхой болох буй за. Өнөөдрийн байдлаар нийслэлийн нэг иргэнд 6,3 метр ногоон талбай оногдож буй бол энэ хүрээлэнг барьж дууссаны дараа энэ тоо 10 болж өснө гэж мэргэжилтнүүд тайлбарласан.

670 га энэ аварга талбайд ганц ч ширхэг барилга байшин босохгүй. Харин явган хүний болон дугуйн, гүйлтийн зам, задгай театр, хиймэл цөөрөм, наран шарлагын газар, хиймэл усан тохой, хайрган талбай, усан оргилуур, саравчууд зэргийг барина. Төв хаалга нь МУИС-ийн баганатай төв байрныхтай тун төстэй, гурван давхар байшинтай дүйцэхүйц өндөртэй энэ үүдний дэргэд 1000 гаруй машин багтах зогсоол байгуулна.

Улаанбаатарын 370 жилийн ойн жилээр тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн ажил нь эхэлж буй хүрээлэнгээ хашаалах, 150 га-д нь тохижилт, цэцэрлэгжүүлэлт хийхээр төлөвлөж, энэ оны төсвийн тодотголоор нэг тэрбум төгрөг төсөвлөсөн. Цэцэрлэгжүүлэлтийн компаниуд, мэргэжлийн хүмүүс мод тарих тул тарьсан ургахгүй байх вий гэж санаа зовох хэрэггүй гэдгийг Улаанбаатар хотын ерөнхий менежер Ч.Бат онцолсон. Гэхдээ мод тарихад хандив өргөсөн миний, таны, гэр бүл , найз нөхдийн тань нэр дээр данстай мод ургана. Та цэцэрлэгчтэй хамжаад тарьсан ч болох. Модонд код өгч, компьтерт хадгалаад авна. Одоогийн байдлаар энхийг сахиулагчид, аврагчид нэрэмжит талбайтай болъё гэсэн санал тавиад байгаа гэнэ. Ийм саналыг цэцэрлэгчид дуртайяа хүлээж авна гэж байна лээ. Үүнээс гадна шинэ гэр бүлийн, шинэ хүүхдийн, төгсөгчдийн, гадаадын хүндэт зочдын гэхчлэн мод тарих талбайг төрөлжүүлэх гэнэ.

Сая илүү хүн амтай Улаанбаатарын иргэдэ чөлөөт цагийг тав тухтай орчин өнгөрүүлэх боломж бүрдүүлэх, агаарын бохирдлыг бууруулах, ундны усны нөөцийг хамгаалах зэрэг олон талын ач холбогдолтой Монголын хамгийн том цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтад хандив өргөн дэмжлэг үзүүлэхийг Нийслэлийн захирагчийн албанаас уриалан дансны дугаарыг нийтэд зарлалаа. /Улаанбаатар төрийн сан банк 200051063/

Нийслэлийн төр захиргааны бүх шатны байгууллагын ажилчин, албан хаагчид нэг өдрийн цалингаа хандивлан түүчээлсэн бол “Ив роше”, Мобиком, Туушин зэрэг компани 10-30 сая төгрөгийн хандив өргөн буухиалжээ.

Их бүтээн байгуулалтыг ганцхан жилд, эсвэл гурван жилд багтаагаад гүйцээчихнэ гэж мэдээж үгүй. Мэлмий нээгч Мэгжиджанрайсиг их бурхан, Бөхийн өргөө ард түмний хандиваар сүндэрлэсэн. Сэтгэл нэгдэн их бүтээн байгуулалт хийх туршлага монголчууд бидэнд бий. Цэцэрлэгт хүрээлэнг 5-15 жилд хийж хэрэгжүүлэхээр хотын ерөнхий төлөвлөгөөнд тусгажээ.

Та бүхний өглөг, буяныг үргэлжид дуурсагдах хүндэтгэлийн самбарт мөнхөлж, үр хүүхэд, ач зээ, ашид үргэлжлэх хойч ирээдүйнхэнд тань сэтгэлийн зул, иргэний бахархал болгон алдаршуулна.

Нийслэлчүүд ээ, бүгдээрээ нэг сайхан очих газартай болъё, гаднын зочдоо, хөдөө орон нутгаас ирсэн ах дүүсээ дагуулаад хүрэхэд нүүр бардам гоё хүрээлэнтэй болцгооё. Авто зам, машин унаанаас хол сэтгэл амар хүүхдүүдээ зугаалуулах талбайтай болъё. Бахархах зүйлтэй байх сайхаан, бид хамтаа ийм хүрээлэн цогцлоосон гэж үр хүүхдэдээ хожим үзүүлье.