Эрхэм хүндэт нийслэлчүүд ээ

Та бүхэнд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны 370 жилийн ойг тохиолдуулан чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлж байна.

Монголчууд бидний эвлэрэл зохицлын өлгий, эзэн дээдсийн ариун нандин өв уламжлалын баталгаа Улаанбаатар хотын үүсэл хөгжлийн түүх бол эх орон нэгт нүүдэлчдийн эгнэгт оршсоор ирсэн эгэлгүй намтар цадигийн гэрч билээ.

Нийслэлчүүдийнхээ сэтгэл, зүтгэлийг их хотын хөгжил, цэцэглэл, ирээдүйн сайн сайхны төлөө нэгтгэн чиглүүлж, тэдний идэвх санаачилга, бүтээлч оролцоотойгоор ой угтсан бүтээн байгуулалтын олон арван ажил өрнүүлэн хэрэгжүүлсэн нийслэлийн нутгийн захиргааны бүх шатны байгууллагын хамт олонд гүн талархал илэрхийлж байна.

Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөг цаг үеийн шаардлагад нийцүүлэн тодотгон шинэчлэх, эрх зүйн тогтолцоог боловсронгуй болгох, эдийн засгийн бие даасан байдлыг хангах зэрэг нийслэлчүүдийн эрх ашгийг хөндсөн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд Ерөнхийлөгч миний бие та бүхэнтэй хамтран ажиллах болно.

Ололт амжилтаа арвитган бататгаж, төрөлх нийслэл Улаанбаатар хотоо хөгжүүлэх үйлсэд шинэ шинэ амжилт гаргахыг нийслэлчүүд та бүхэнд хүсэн ерөөе.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

Монгол Улсын Ерөнхийлөгч.................... Цахиагийн Элбэгдорж

2009-10-28 Улаанбаатар хот