Монгол Улсын Засгийн газрын мэндчилгээ

Монгол Улсын нийслэлийн 370 жилийн ойд

Бараг дөрвөн зууныг элээж, дэлхийд данстай болсон их хотын нийт иргэд, хүүхэд, багачууд, ахмад дунд үеийнхэн Та бүхэндээ Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа Улаабаатар хот үүсэн байгуулагдсаны 370 жилийн ойн мэндийг өргөн дэвшүүлье.

Анх Ширээт цагаан нуурт 1639 онд монголчууд төр, түмнийхээ голомтыг бадраасан тэр цагаас хойш Монгол Улсын нийслэл хаяа тэлэн хөгжиж эдүгээ нэг саяас дээш хүн амтай дэлхийн 107 дахь хот болсон бахархалтай сайхан амжилтаар түүхэн ойгоо угтаж байна. Нүүдлийн соёл иргэншлийг суурьшуулахад хот байгуулагчид томоохон үүрэг гүйцэтгэсэн. Монгол Улсын хөгжил дэвшлийн төлөө үйлст нийслэлчүүдийн оруулсан хувь нэмэр, бүтээн байгуулсан бүхэн асар их гэдгийг Монгол УЛсын Засгийн газар зүй ёсоор үнэлэж байдаг юм.

Энэ он нийслэлчүүдийн хувьд их бүтээн байгуулалтын он болж байна. Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Долоон буудлын чиглэлийн 10 гаруй км автозамыг шинэчилж, Дамдинсүрэнгийн гудамжны автозам, гүүр, Энхтайваны өргөн чөлөө, Нарны замыг холбосон автозам ашиглалтанд орж, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ажил эхэлж, энд тэндгүй усан оргилуур бүхий цэцэрлэгт хүрээлэн бий болж, иргэд, аж ахуйн нэгжийнхний санаачилга, оролцоотой олон арван бүтээн байгууламж гудамж, хороолол бүрт цогцлон бослоо. Хотын төв, хойд хэсгийн хөрсний ус зайлуулах барилга байгууламжийг ашиглалтад оруулав.

Нийслэлийн иргэдийн өдөр тутмын ажил амьдралыг залгуулдаг нийтийн тээврийн парк шинэчлэгдлээ. Нийслэлийн иргэдийн амгалан тайвныг сахин хамгаалах цогц арга хэмжээ авч байна.

Нийслэлийн төр, захиргаанаас иргэдийнхээ идэвхийг өрнүүлэх, нийслэлийн иргэн гэдэг бахархлыг төрүүлэх зорилгоор хийсэн ажлууд үр дүнд хүрч олон нийтийн санаачилга өрнөж байна.

Энэ бүхэнд бүхэнд Монгол Улсын Засгийн газар талархалтай хандаж байгаагаа илэрхийлэхэд нэн таатай байна.

Цаашид нийслэлээ орчин үеийн жишигт нийцсэн ногоон байгуулмж, дэд бүтэц, хүмүүсийн ажиллаж амьдрах илүү таатай нөхцөл бүхий хот болгох асуудалд нийслэл, дүүргийн бүх шатны байгууллагууд ямагт анхаарч ажиллана гэдэгт найдаж байна.

Зон олон нь нэмэгдэж, хүрээ хаяа нь тэлэх тусам хөгжил дэвшил нь өөдөө бадамлаж байдаг их хотын иргэд Та бүхэндээ Улаанбаатараараа бахархаж , улсын нийслэлийн иргэнээрээ омогшиж явахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Монгол Улсын Ерөнхий сайд....... Санжаагийн Баяр

Улаанбаатар хот 2009-10-28