Сибирээс ирэх зочин их цас, цасан шуурга дагуулах нь

/Хиймэл дагуулын "нүдээр" цасанд хучигдсан эх орон минь ингэж харагдаж байна. 2010-01-12.


Сибирээс манай орныг чиглэн ирж байна. Хүйтний эрч энэ сарын 22-25-ны өдрүүдэд нийт нутгаар цочир хүйтэрч салхи секундэд 28-30 м/с хүртэл ширүүсч цасан болон явган шуурга шуурч, их хэмжээний цас орох магадлалтай байгаа тул болзошгүй гамшигт ослоос урьдчилан сэргийлнэ үү гэсэн сэргийлнэ үү"
гэсэн сэрэмжлүүлгийг Улаанбаатарчууд нэг нэгэн рүүгээ нисгэж байна.

10 хүрэхгүй хоногийн дараа болох энэ үзэгдлийн талаар болоод ер нь Монголорны нийт нутгаар цагийн байдал ямар байгаа талаар цаг уурч Ж.Цогтоос тодрууллаа. Тэрбээр тачигнасан хүйтэн энэ сарын 13-наас хэд хоног завсарлана гэсэн таатай мэдээ дуулгалаа.

-Нийт нутгийн 80 хувь нь цасан бүрхүүлтэй байна гэсэн мэдээллийг Улсын онцгой комиссын мэдээнд дурдсан байна лээ. Аль нутгаар цасны зузаан их байна?

-Цаг уурчдын өртөө, харуулын мэдээгээр өнөө өглөөний /2010-01-11/ 08 цагийн байдлаар Ховд,Увс, Завхан, Архангай нутгаар 8-47, бусад нутгаар 0-12 см зузаан цасан бүрхүүлтэй байгаагаас хамгийн зузаан нь Ховдын Алтайд 47, Булганд 46, Үенчид 40, Увсын Түргэнд 35 см, Увсын Сагил, Архангайн Түвшрүүлэхэд 28, Завханы Цагаанхайрханд 29, Түдэвтэйд 25, Увсын Улаангомд 25, Увсын Малчинд 23 см байна.

-Энэ бол цаг уурын харуулын ажиглалтын талбайгаас авсан мэдээ биз дээ?

-Тэгэлгүй яахав. Цаг уурын өртөө, харуул манай улсын хэмжээнд 310 бий. Үндсэндээ сум болгонд ажиглалт хийж байгаа. Тэндээс ирсэн мэдээ.

-Түүнээс энэ талбайгаас бусад нутагт, тухайлбал хонхор газарт хунгарласан цасны хэмжээ гэвэл бүр том гарна биз?

-Тэгнэ ээ. Нийт нутгийн хэмжээгээр бол хиймэл дагуулаас 10 тутамд мэдээ авдаг. Энэ сарын эхний 10 хоногийн мэдээ ид нэгтгэгдэж байна. Энэ долоо хоногийн дунд үеэс хүйтний эрч суларна. Улаанбаатарын агаарын температур өдөртөө 30 шүргэж байсан бол маргаашаас багасна. Өдөртөө 15 градус орчим байна.

-Хүйтний эрч хоёр дахин сулрах нь ээ?

-Тэгнэ.

- Гэтэл Сибирээс хүйтэн агаарын урсгал манайхыг чиглэж байна гээд байх юм?

-Энэ сарын 22-ноос эхлэн дахин хүйтэрнэ. 22-25-нд.

-50 градус хүрнэ гээд л шуугиад байх юм?

-Өнгөрсөн өдрүүдэд ч 50 градус хүрч хүйтэрсэн газар байхгүй. 22-25-нд ч энэ тоонд хүрэхгүй. Улаанбаатар хот орчмоор өдөртөө 28-30 градус хүрнэ. Өнгөрсөн өдрүүдийнхтэй ойролцоо гэж ойлгож болно. Харин цас их унаж, шуурах төлөвтэй байгаа. Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ сайн сонсож байгаарай гэж уншигчдадаа уламжлаарай.

-Өнгөрсөн өдрүүдэд тачигнасан жаврыг энэ өвлийн оргил хүйтрэл гэж үзэж болох уу?

-Өвлийн оргил хүйтрэл 12 дугаар сарын сүүлч, нэгдүгээр сарын эхээр голдуу тохиодог шүү дээ.

-Оргил хүйтрэл ард хоцорчээ?

-Энэ сарын 23-24-ний хүйтэн өнгөрчихвөл ингэж ойлгож болно доо.

Цаг уурчтай утсаар ийн ярилцлаа.

Одоо хөдөө орон нутгийн энэ долоо хоногийн мэдээ сонирхуулъя. Цаг агаарын мэдээгээ сонсож сэрэмж болгоомжтой яваасай гэж тэнгэрийн зурхайчид өдөр шөнөгүй сууж мэдээ бэлтгэдэг шүү дээ.

Нэгдүгээр сарын 14-нд нутгийн зүүн хэсгээр, 13-нд баруун зүгийн нутгийн хойд хэсэг, төвийн нутгийн зарим газраар, 17-нд нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 13-нд зарим газраар, 14-нд говь талын нутгаар, 15-нд Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр, 17-нд Алтайн салбар уулс хоорондын хөндий болон Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Буянт, Байдраг, Туул, Хэрлэн, Халх голын саваар шөнөдөө 39 -44, өдөртөө 30-35 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ голын саваар шөнөдөө 35-40, өдөртөө 26-31, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун хэсгээр шөнөдөө 20-25, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 29-34, өдөртөө 21-26 градус хүйтэн байна. 13-наас нутгийн баруун хэсгээр, 15-наас бүх нутгаар хүйтний эрч суларна.