TV хичээл & Тарган сүмо

Хүүг зурагтынхаа өмнө жижиг ширээгээ тавиад тухлахад нь Монголын үндэсний телевиз тэртээ холын Японд болж буй мэргэжлийн сүмогийн тарган хүмүүсийн зодолдооныг гаргав. Урлаг, уран сайхангүй тэдний махан тулааныг багачуудынхаа оюунд нэмэр болох хичээлээс нь, багшаас нь илүүд үзсэнд үнэндээ гомдлоо. Хоёр сая гаруйхан хүн амтай Монгол Улс хэчнээн олон өдөр тутмын сонин, телевизтэй билээ дээ. Бүх телевиз сүмо гаргадаг шүү дээ, гэтэл гуравхан ангийн хичээл товлосон цагаар Монголын Үндэсний телевиз, хамгийн хүчтэй нь, магадгүй хамгийн илүү боловсролтой чадалтайчууд нь ажилладаг байж болох энэ хүмүүс сүмо гаргаж яаж чадав аа. Суваг солих бүрт, суваг болгоноор гардаг нүцгэн, тарган залуучууд нэг нэгнийгээ аархан түлхдэг энэ спортод хувь хүний хувьд дургүй ээ, үнэн. Хагас бүтэн сайны амралтын өдрөөр хүртэл гарна гээч. Тухлаад сууж үзэх олигтой нэвтрүүлэггүй энэ хэдэн ТV Японы сүмогийн холбооноос мөнгө авдаг юм биш биз дээ гэж хардтал энэ тулааныг сурталчилж байна. Дуу дуугаа аваад, бүгд нэгэн ижил зүйл гаргаад байх нь үнэхээр хачирхалтай. Арилжааны гэх энэ олон телевизүүд өөр хоорондоо жинхэнэ өрсөлдөгчид л баймаар, гэтэл нэг нэгнээсээ ялгарах чадваргүй, бүгд Япончуудийн өгсөн ийм бэлэн хоолыг идээд л бараг японоор ярих нь халаг өнөө нэвтрүүлгээ баяртайгаар хөтлөх нь ичгэвтэр.

Сүүлийн үед хичээлийн хуваарь гарсан сонинтой хамгийн түрүүнд танилцдаг болсон Хүүхдийнхээ үзэх учиртай хичээлүүдийг тэмдэглэж, тодруулж будчихаад хүүдээ цагийг нь хэлнэ. Түүнийг гэртээ зурагтаар хичээл үзнэ гэхээр өөрийн эрхгүй баяр төрөөд байдаг юм.

Ажилдаа түүртээд мартчихгүй бол хичээл эхлэхийнх нь өмнөхөн утасдаж аав ээжүүд хүүхдүүддээ хичээл эхлэх цагийг нь сануулж байгаарай. Жаахан амьтан мартана шүү дээ, тэдний буруу биш. Гахайн ханиад гээч гайтай өвчнөөс болоод олон аав, ээжийн ажил үүргийн хуваарьт багахан өөрчлөлт гарч буй нь энэ. Бусад хүүхэд яаж буйг мэдэхгүй, манай нөхөр л лав гахайн ханиад гарсанд тун ч баяртай байгаа. Хичээлд явахгүй, гэртээ эрхлээд л...

Хичээл орох болоогүй гэнэ, ханиад намжаагүй учраас дахиад сунгачихлаа гэхэд тэр аав бид хоёроосоо аминдаа нууж байгаад жуумалзсан юм. Баярлаж байгаа нь тэр. Хичээлдээ явах дургүй юм уу гэж хэлүүлэхээс болгоомжилж ийн жуумалзсан хэрэг. Тэр “Зурагтаар хичээл үзэх ч харин ёстой гоё юм аа” гэж нэг удаа хэлсэн.

Үгэнд ороод зурагтаар хичээлээ үзээд буйд нь баярлаад байгаа. “Бага ангийнханд тоо, монгол хэлний хичээл л заана” гэж Ё.Отгонбаяр сайд зурагтаар хэлсэн л дээ. Нэг бүтэн долоо хоногт энэ хоёр хичээл нэг нэг л удаа “орох” хуваарьтай юм билээ. Үргэлжлэх хугацаа нь ердөө гучин минут. Ердөө...

Манай улсын хувьд шинэчлэлт, теле хичээл зааж буй нь том амжилт гэж бодож яваа. Сүрхий их зүйл сурч гийгүүлэхгүй ч зурагтаар хичээл зааж болж байна, хойшдоо хүүхдүүд онлайнаар хичээлээ үзэх цаг ирэх тэр үеийн сэтгэл зүйн том бэлтгэл гэж тоож байгаа хэрэг. Одоогийн бага ангийнхан бидний насанд /гуч гаруй/ ирэхэд албан контор гэж байгаа ч уу, үгүй ч үү. Бүх хүмүүс гэрээсээ, ер нь хаанаас ч хамаагүй байгаа газраасаа ажлаа амжуулдаг болох биз. Заавал загнуулж зандчуулж, ногоон самбар ширтэж, самбараас хуулж байвал хичээл гэж үзэх албатай ч биш. Хүүхдүүд гэртээ өдрийг голдуу л зурагт үзэж өнгөрөөж байгаа. Хүүхэлдэйн кинон дунд орчихсон, гол баатартай нь хөтөлцчихсөн гүйж явах мөртлөө аав, ээжийнх нь хэлсэн цаг нь болохоор зурагтынхаа сувгийг солиод хичээл үзээд байгаад нь томчууд баярлаж буй биз ээ. Бие дааж сурах нь гээд зарим маань хүүхдүүдээ тоож байгаа. Орой очоод ямар хичээл заасан, юу бичсэнийг нь шалгадаг юм. Тэгэхээр “Тэр багш нь аймаар хурдан хэлээд би амжаагүй” гээд тал хуудас хүрэхгүй юм аваад ирнэ. Ингээд заагаад байвал багш нь, сурагчид нь ч дасна л даа, эвээ олно. Анхны юм алдаа оноотой л байдаг шүү, яаран шүүмжлэх хэрэг юун. Боловсролын яамныханд баярлаж байгаа.

Гэтэл хүүхдүүдийг минь зурагтаар хичээл үзэж, мундаг болох гэсэн чинь энэ сүмогийн хэдэн тэнтгэрүүд тээг болж... Түүнээс гадна гуравдугаар ангийн монгол хэлний хичээл “Боловсрол” сувгаар гарах цагтай C1 телевизээр тооны хичээлийнх нь цаг давхцаж байх юм. Хүүхдүүд яаж үзэх юм бүү мэд. Дуртай хичээлээ сонгох хэрэг үү.

Нэг бол сүмо, нөгөө бол хичээлүүд хоорондоо давхцаад, гайхахдаа сонины редакц руу утас цохилоо. “Манайх мэдэхгүй яамнаас л ирсэн хуваарь” гээд холбоо барьсан бүсгүй маань жигтэй уурлаж байна. Тэдний алдаан дээр дөрөөлж ялалт байгуулах гээгүй шүү дээ, уг нь. Танай сонин дээр хичээл заана гээд биччихсэн байна. Гэтэл энэ цагаар чинь зурагтаар сүмо гараад байна л гэсэн юм. Маргаашийнхаа хуваарийг зөв бичээч ээ, уншигчдадаа зөв мэдээлэл өгөөч ээ” гэж сануулсан л төдий. Өөр нэг хүн ярилаа. Тэр “Та гомдол гаргасан уу” гэнэ. “Үгүй ээ, гомдол ч биш юм аа. Танайх дараагийн дугаартаа хичээлийн хуваариа зөв бичээрэй. Би танай захиалагч, хуваарийг ингэж өдөр бүр нийтэлж байгаад баярлаж байгаа. Харин алдаатай битгий нийтлээч ээ” гэсэн юм гэхэд өнөө бүсгүй “Саяхан бас ийм тохиолдол гарсан юм. Тэгсэн яамныхан “Телевизүүд ТV хичээлийг ямар ч төлбөргүй гаргаж байгаа. Тиймээс тэд сүмогийн цагаар хичээлийг хаачихдаг юм билээ” гэх тэр. Толгой дундуур төмрөөр цохиод авах шиг санагдлаа. Ард түмний талд баттай зогсоно, борчуудынхаа өмнөөс гүйнэ барина гээд зурагтаар гоё гоё яриад байдаг өнөө ганган нөхөд ард түмний хүүхдүүд хичээл үзээд юүхэв, сүмо үзсэн нь илүү дээр гэж бодсон хэрэг үү. Миний хүү хоёр, гуравхан настай жижигхэн амьтан байхдаа япон бүдүка, монгол бүдүка гээд сүмо гарахаар хөөрдөг байж билээ. Тийм багадаа бол яахав дээ гэж бодоход ухаан суух болсон энэ үед нь бүдүка нарын тулааныг үзүүлэх хүсэл ээжид нь үнэндээ алга. Ядахдаа хичээлээ үзнэ гээд зурагтынхаа өмнө дэвтрээ дэлгээд хөөрхөн суухад нь... анхаарал нь төвлөрөөд оюун санаа нь хичээл үзнэ гээд хэрдээ л бэлтгэгдчихсэн байсан даа.

За яахав, Боловсролын сайд ч бас сүмо үзэж суугаа биз дээ, эр хүний хугархай л юм чинь.