Add Image

Дүлийд дуулдаж, сохорт харагдахаар бүтээн байгуулалт өрнөлөө

“Хаан түүхээс улбаатай Хан дөрвөн уулаар нутагласан Хатан тунамал туулаараа хаяалсан Улсын минь чандмань эрдэнэ Улаанбаатар хотын 370 жилийн ойн баярын мэнд хүргэе” гэсэн мэндчилгээг нийслэлчүүд өчигдөр нэг нэгэндээ хэлж, e-mail-ээр “шидэж”, мессэжээр нисгэж... Улаанбаатарчууд төв талбайдаа цуглаж, гэр бүл, найз нөхдөөрөө нийлж найрлаагүй ч нэг нэгэндээ сэтгэлийн сайхан үг илгээж, “Би нийслэлийн иргэн. Улаанбаатар хот минь 370 жилийн түүхтэй” хэмээн бахархав.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, хүмүүсийн илүүтэй мэддэгээр хотын захиргаанд хөл хөдөлгөөн ихтэй өнжлөө. Жил бүрийн энэ өдөр, Улаанбаатар хотынхоо төрсөн өдөр болгоноор сүлдэт хуураа татаж, Монголын нууц товчоондоо хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. 10 жил яг энэ өдөр, энэ мөчид “салхинд гардаг” сүлдэт хуурыг ардын жүжигчин Ч.Батсайхан хөглөж, нийслэлийнхээ жаврыг үргээв.

Монгол Улс төрийн хан хуурыг 1995 онд залж, үүнээс дөрвөн жилийн дараанаас нийслэл сүлдэт хуураа цэнгүүлдэг болсон билээ.

Ёслолын ажиллагааг ардын уран зохиолч Ш.Сүрэнжав хөтөлж, ардын уран зохиолч Т.Галсан баяр хүргэж үг хэллээ.

Тэрбээр ”Улаанбаатарт их бүтээн байгуулалт өрнөж байна. Ялангуяа, энэ жил манай хотод сохорт харагдаж, дүлийд дуулдахаар өрнөлөө. Нийслэлийн иргэд дээд удирдлагууд та бүхэндээ ам сайтай байна. Та бүхэн далай олныхоо хишгийг данайтал дааж яваарай. Ард иргэд бид удирдагчдаасаа үргэлж л шагнал авч байх юм. Би ард түмний төлөөлөл. Иргэдээ төлөөлж хотын удирдлагуудаа шагная гэж ирлээ” гэсээр “Билэг үг”, “Амин сүнс хэмээх авсаархан хосмолжин” гэж бүтээлээсээ 108 ширхгийг бэлэглэж харьяа газар, дүүргийн удирдлагууддаа хүргээрэй гэлээ. Чингис хааныхаа хөшөөнд хүндэтгэл үзүүлж, жанжныхаа морьт хөшөөнд цэцэг өргөсөн хотынхон мэндчилгээнд даруулж...

Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны 370 жилийн ойг тохиолдуулан эрхэм хүндэт нийслэлүүддээ, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, хотынхоо их бүтээн байгуулалтад иргэн бүр хувь нэмрээ оруулж, нийслэл хотоо цэцэглэн хөгжүүлэх үйлсдээ улам их амжилт гаргахын ерөөл дэвшүүлж “Дурсамж” хадгалуулав хэмээсэн мөнгөн цар илгээсэн бол Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Б.Долгор мөнгөн Хангарьд нисгэсэн байлаа.

Баярын хурал, концертод баяр хүргэж илгээлт хүргүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж зарлиг гаргаж, хотын гэсэн тодотголтой олон хүнийг шагналаа. Зарлигт Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот байгуулагдсаны 370 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн хөгжил цэцэглэлтэнд бодитой хувь нэмэр оруулж, эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан нэр бүхий хүмүүсийг Монгол Улсын одон медалиар шагнасугай” хэмээжээ.

Хотын даргаар ажиллаж асан, төр захиргааны ахмад ажилтан С.Мөнхжаргал, НИТХ-ын дарга асан, Монголын нутгийн Удирдлагын холбооны багш Г.Маналжав нарыг Сүхбаатарын одонгоор, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын офицер Г.Ганзориг, Нийслэлийн Онцгой байдлын газрын ахлах байцаагч А.Сэр-Од нарыг Цэргийн гавьяаны улаан тугийн одон, Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзориг, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Болдсайхан, Нийслэлийн Засаг даргын хүний нөөцийн зөвлөх Х.Самбаа, НИТХ-ын ажлын албаны ажилтан С.Оюунгэрэл, “Норовбанзад” сангийн тэргүүн Б.Дэлгэрмаа нарын 16 хүнийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа. Мөн Алтан гадас, Цэргийн хүндэт медаль, Хөдөлмөрийн хүндэт медалиар тэргүүний хүмүүсийг урамшуулсан юм.

Цагдаагийн Ерөнхий газрын дарга Д.Сандаг-Очир хотын захиргаанд зочилж НИТХ-ын дарга Т.Билэгт, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр, Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзориг, НЗДТГ-ын дарга Ц.Болдсайхан нарыг “Цагдаагийн төлөө” одонгоороо шагнасан бол Улаанбаатартай ах дүүгийн барилдлагатай Бээжин хотын удирдлагууд Хятадын өмнөд мужид хийлгэсэн пийсүү чулуугаар сийлсэн вартай цэцгэн дурсгал бэлэглэлээ. Швейдээс ирсэн түншүүд Монголоос ууталж авч явсан нүүрсээ шинжлээд иржээ. Тэд Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулахад туслах гэж буйгаа баярын энэ өдөр дуулгалаа.

Баяр болох сайхан, ажлаа дүгнүүж шагнал гардах бүр сайхан. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон энгэртээ гялалзуулсан хоёр даргаас зурагт, сониныхон элдвийг шалгаах ажээ. УИХ-ын гишүүн, БСШУЯ-нд газрын даргаар ажиллаж асан Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзориг “Àëèâàà øàãíàë õèéñýí àæëûí ¿ð ä¿í, õèéõ àæëûí ýõëýë байдаг. Ýíý øàãíàë бол áèäíèéã ò¿øèëöýæ àæèëëàäàã ¿å ¿åèéí õàìò îëíû минь, íèéò íèéñëýë÷¿¿äèéí àæëûí ¿ç¿¿ëýëò þì. Нèéñëýë÷¿¿ääýý 370 æèëèéí ойн áàÿðûí ìýíä õ¿ðãýå гэсэн бол НЗДТГ-ын дарга Ц.Болдсайхан, “Нийслэлийнхээ 370 жилийн ойгоор төрийн дээд шагнал авч байгаадаа баярлаж байна. Би Хэнтий аймагт гурван жил ажиллаад 1986 оноос нийслэлийн төр захиргааны байгууллагад ажилласан. 1991 оноос энэ албыг хашиж буй. Энэ өдөр Лхамсүрэнгийн Энэбиш даргыгаа дурсмаар байна. Энэ их хүн надад ажлын зам заасан. Би өнөөдөр долоо дахь Засаг даргатайгаа хамтарч байна. Засаг дарга нартаа, намайг түшдэг хамт олондоо баярлаж явдаг. Нийслэлчүүддээ ойн баярын мэнд хүргэе. Хүн болгон л жаахан мэрийчихвэл, хогоо хаяхгүй хэвшчихвэл хот маань өнгөлөг сайхан харагдана шүү дээ” гэсэн хариулт өгч байлаа.

Хот хогтой байна, агаарын бохирдол нь дийлдэхээ байлаа. Том оврын автобуснууд хөдөлгөөнд эмх замбараагүй оролцож байна. Таксигүй хот болох нь ээ. Улаанбаатарын даац хэтэрлээ. Замын бөглөө бухимдал үүсгэж байна. Манай орцны жижүүр хогоо цэвэрлэхгүй байна. Орцны гэрэл асахгүй байна. Халаалт ирэхгүй, халуун ус гоожихгүй байна. Цэцэрлэг, сургуульд хүүхдэд минь чанартай сайн хоол өгөхгүй юм... мянган болохгүйг манай нийслэлчүүд тоочдог. Өөрөөс нь шалтгаалаад засаж залруулж болохоор энгийн зүйл байсан ч заавал хот, дүүрэгтээ хамаатуулах нь ч бий. Шийдэж өгдөггүй байсан бол тэд энэ хот, дүүргийнхэнд ингэж олонтаа гомдлоо тавихгүй биз. Бараг өдөр бүр ийм гомдол хүлээн авч, шийдэж, зэмлэл сонсож ажилладаг хот хэмээх их айлын удирдлагууд энэ л өдөр магтаалд умбаж, дээр өгүүлсэн олон мэндчилгээнд цадаж өнждөг. Иргэд “Та нартаа баярлалаа” гэдэг сэтгэлийн үгээ энэ өдөр хэлдэг.

Сая гаруй хүн амтай Улаанбаатар, бидний нийслэлчүүд 370 жилийнхээ их түүхэнд сөгдөн мэхийв.

Нийслэлийн төр захиргааны байгууллагуудтай байнга холбоотой ажиллаж, биднийг дэмждэг та бүхэндээ баярлалаа. Сэтгэлээ шингээсэн талархал бүхэн тань хотынхон бидэнд ажиллах эрч хүч, урам зориг өглөө.

Хот нь иргэндээ, иргэн нь хотдоо уяатай энэ их айлын эзэн болсон Та бидний үйлс өөдөө байх болтугай.

Монгол Улсын Засгийн газрын мэндчилгээ

Монгол Улсын нийслэлийн 370 жилийн ойд

Бараг дөрвөн зууныг элээж, дэлхийд данстай болсон их хотын нийт иргэд, хүүхэд, багачууд, ахмад дунд үеийнхэн Та бүхэндээ Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа Улаабаатар хот үүсэн байгуулагдсаны 370 жилийн ойн мэндийг өргөн дэвшүүлье.

Анх Ширээт цагаан нуурт 1639 онд монголчууд төр, түмнийхээ голомтыг бадраасан тэр цагаас хойш Монгол Улсын нийслэл хаяа тэлэн хөгжиж эдүгээ нэг саяас дээш хүн амтай дэлхийн 107 дахь хот болсон бахархалтай сайхан амжилтаар түүхэн ойгоо угтаж байна. Нүүдлийн соёл иргэншлийг суурьшуулахад хот байгуулагчид томоохон үүрэг гүйцэтгэсэн. Монгол Улсын хөгжил дэвшлийн төлөө үйлст нийслэлчүүдийн оруулсан хувь нэмэр, бүтээн байгуулсан бүхэн асар их гэдгийг Монгол УЛсын Засгийн газар зүй ёсоор үнэлэж байдаг юм.

Энэ он нийслэлчүүдийн хувьд их бүтээн байгуулалтын он болж байна. Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Долоон буудлын чиглэлийн 10 гаруй км автозамыг шинэчилж, Дамдинсүрэнгийн гудамжны автозам, гүүр, Энхтайваны өргөн чөлөө, Нарны замыг холбосон автозам ашиглалтанд орж, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ажил эхэлж, энд тэндгүй усан оргилуур бүхий цэцэрлэгт хүрээлэн бий болж, иргэд, аж ахуйн нэгжийнхний санаачилга, оролцоотой олон арван бүтээн байгууламж гудамж, хороолол бүрт цогцлон бослоо. Хотын төв, хойд хэсгийн хөрсний ус зайлуулах барилга байгууламжийг ашиглалтад оруулав.

Нийслэлийн иргэдийн өдөр тутмын ажил амьдралыг залгуулдаг нийтийн тээврийн парк шинэчлэгдлээ. Нийслэлийн иргэдийн амгалан тайвныг сахин хамгаалах цогц арга хэмжээ авч байна.

Нийслэлийн төр, захиргаанаас иргэдийнхээ идэвхийг өрнүүлэх, нийслэлийн иргэн гэдэг бахархлыг төрүүлэх зорилгоор хийсэн ажлууд үр дүнд хүрч олон нийтийн санаачилга өрнөж байна.

Энэ бүхэнд бүхэнд Монгол Улсын Засгийн газар талархалтай хандаж байгаагаа илэрхийлэхэд нэн таатай байна.

Цаашид нийслэлээ орчин үеийн жишигт нийцсэн ногоон байгуулмж, дэд бүтэц, хүмүүсийн ажиллаж амьдрах илүү таатай нөхцөл бүхий хот болгох асуудалд нийслэл, дүүргийн бүх шатны байгууллагууд ямагт анхаарч ажиллана гэдэгт найдаж байна.

Зон олон нь нэмэгдэж, хүрээ хаяа нь тэлэх тусам хөгжил дэвшил нь өөдөө бадамлаж байдаг их хотын иргэд Та бүхэндээ Улаанбаатараараа бахархаж , улсын нийслэлийн иргэнээрээ омогшиж явахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Монгол Улсын Ерөнхий сайд....... Санжаагийн Баяр

Улаанбаатар хот 2009-10-28


Эрхэм хүндэт нийслэлчүүд ээ

Та бүхэнд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны 370 жилийн ойг тохиолдуулан чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлж байна.

Монголчууд бидний эвлэрэл зохицлын өлгий, эзэн дээдсийн ариун нандин өв уламжлалын баталгаа Улаанбаатар хотын үүсэл хөгжлийн түүх бол эх орон нэгт нүүдэлчдийн эгнэгт оршсоор ирсэн эгэлгүй намтар цадигийн гэрч билээ.

Нийслэлчүүдийнхээ сэтгэл, зүтгэлийг их хотын хөгжил, цэцэглэл, ирээдүйн сайн сайхны төлөө нэгтгэн чиглүүлж, тэдний идэвх санаачилга, бүтээлч оролцоотойгоор ой угтсан бүтээн байгуулалтын олон арван ажил өрнүүлэн хэрэгжүүлсэн нийслэлийн нутгийн захиргааны бүх шатны байгууллагын хамт олонд гүн талархал илэрхийлж байна.

Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөг цаг үеийн шаардлагад нийцүүлэн тодотгон шинэчлэх, эрх зүйн тогтолцоог боловсронгуй болгох, эдийн засгийн бие даасан байдлыг хангах зэрэг нийслэлчүүдийн эрх ашгийг хөндсөн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд Ерөнхийлөгч миний бие та бүхэнтэй хамтран ажиллах болно.

Ололт амжилтаа арвитган бататгаж, төрөлх нийслэл Улаанбаатар хотоо хөгжүүлэх үйлсэд шинэ шинэ амжилт гаргахыг нийслэлчүүд та бүхэнд хүсэн ерөөе.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

Монгол Улсын Ерөнхийлөгч.................... Цахиагийн Элбэгдорж

2009-10-28 Улаанбаатар хот