Нийслэлчүүд ээ, Үндэсний цэцэрлэгт хүрээлэндээ хандив өргөе

Улаанбаатарчууд амралтынхаа өдрөөр очих дуртай сайхан газартай болох нь. Хүүхдүүдээ хөтлөөд алхах тухай орчин тэнд бүрдэнэ гэнэ.

Олимпийн гудамжаас зүүн тийш Баянзүрхийн гүүр хүртлэх 670 га талбайд байгуулах Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн сургийг олон хүн чих тавин чагнаж байна. Гадаадаас найз нөхөд минь ирвэл нүүр бардам үзүүлэх цэцэрлэгт хүрээлэнтэй болох нь ээ. Дугуй уная, наран шарлагын газарт гаднын улсууд шиг хэвтэж үзье л дээ, энэ чинь. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд энэ байтугай тухлах боломж олдох бололтой.

Дэлхийд эдийг засгийн хямрал нүүрлэлээ, цар тахлын шинжтэй өвчний аюул тулгарлаа, байрны үнэ өслөө, Улаанбаатар өвөл нь утаатай, зун нь шороотой, зам гэж там болжээ, аравдугаар ангийн гурван хүү ангийнхаа охиныг чирээд жалга руу оржээ, хулгайчаас болгоомжлоорой, гэрээ эзэнгүй орхиж болохгүй, хүүхдүүдээ ганцааранг нь битгий гаргаарай... Үргэлжийн ийм хар мэдээ сонссоор зарим хүн таатай зүйлийг ч “автоматаар” хараар будаж хардаг болох янзтай. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй болно гэсэн чимэгтэй мэдээг ийм таагүй зүйлээр хачирласандаа хүлцэл өчъе өө. Гэрэл гэгээтэй сайхан тохиолдол, үйл явдлыг олж харах бэлгийн нүд хүнд уг нь баймаар аа гэж...

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн тухай товч танилцуулъя.

Хүүхдийн парк буюу Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн нийт талбайг тоон утгаар илэрхийлбэл 32 га. Үүнтэй харьцуулахад, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ямар гайхамшигтай том талбай эзлэх нь танд тодорхой болох буй за. Өнөөдрийн байдлаар нийслэлийн нэг иргэнд 6,3 метр ногоон талбай оногдож буй бол энэ хүрээлэнг барьж дууссаны дараа энэ тоо 10 болж өснө гэж мэргэжилтнүүд тайлбарласан.

670 га энэ аварга талбайд ганц ч ширхэг барилга байшин босохгүй. Харин явган хүний болон дугуйн, гүйлтийн зам, задгай театр, хиймэл цөөрөм, наран шарлагын газар, хиймэл усан тохой, хайрган талбай, усан оргилуур, саравчууд зэргийг барина. Төв хаалга нь МУИС-ийн баганатай төв байрныхтай тун төстэй, гурван давхар байшинтай дүйцэхүйц өндөртэй энэ үүдний дэргэд 1000 гаруй машин багтах зогсоол байгуулна.

Улаанбаатарын 370 жилийн ойн жилээр тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн ажил нь эхэлж буй хүрээлэнгээ хашаалах, 150 га-д нь тохижилт, цэцэрлэгжүүлэлт хийхээр төлөвлөж, энэ оны төсвийн тодотголоор нэг тэрбум төгрөг төсөвлөсөн. Цэцэрлэгжүүлэлтийн компаниуд, мэргэжлийн хүмүүс мод тарих тул тарьсан ургахгүй байх вий гэж санаа зовох хэрэггүй гэдгийг Улаанбаатар хотын ерөнхий менежер Ч.Бат онцолсон. Гэхдээ мод тарихад хандив өргөсөн миний, таны, гэр бүл , найз нөхдийн тань нэр дээр данстай мод ургана. Та цэцэрлэгчтэй хамжаад тарьсан ч болох. Модонд код өгч, компьтерт хадгалаад авна. Одоогийн байдлаар энхийг сахиулагчид, аврагчид нэрэмжит талбайтай болъё гэсэн санал тавиад байгаа гэнэ. Ийм саналыг цэцэрлэгчид дуртайяа хүлээж авна гэж байна лээ. Үүнээс гадна шинэ гэр бүлийн, шинэ хүүхдийн, төгсөгчдийн, гадаадын хүндэт зочдын гэхчлэн мод тарих талбайг төрөлжүүлэх гэнэ.

Сая илүү хүн амтай Улаанбаатарын иргэдэ чөлөөт цагийг тав тухтай орчин өнгөрүүлэх боломж бүрдүүлэх, агаарын бохирдлыг бууруулах, ундны усны нөөцийг хамгаалах зэрэг олон талын ач холбогдолтой Монголын хамгийн том цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтад хандив өргөн дэмжлэг үзүүлэхийг Нийслэлийн захирагчийн албанаас уриалан дансны дугаарыг нийтэд зарлалаа. /Улаанбаатар төрийн сан банк 200051063/

Нийслэлийн төр захиргааны бүх шатны байгууллагын ажилчин, албан хаагчид нэг өдрийн цалингаа хандивлан түүчээлсэн бол “Ив роше”, Мобиком, Туушин зэрэг компани 10-30 сая төгрөгийн хандив өргөн буухиалжээ.

Их бүтээн байгуулалтыг ганцхан жилд, эсвэл гурван жилд багтаагаад гүйцээчихнэ гэж мэдээж үгүй. Мэлмий нээгч Мэгжиджанрайсиг их бурхан, Бөхийн өргөө ард түмний хандиваар сүндэрлэсэн. Сэтгэл нэгдэн их бүтээн байгуулалт хийх туршлага монголчууд бидэнд бий. Цэцэрлэгт хүрээлэнг 5-15 жилд хийж хэрэгжүүлэхээр хотын ерөнхий төлөвлөгөөнд тусгажээ.

Та бүхний өглөг, буяныг үргэлжид дуурсагдах хүндэтгэлийн самбарт мөнхөлж, үр хүүхэд, ач зээ, ашид үргэлжлэх хойч ирээдүйнхэнд тань сэтгэлийн зул, иргэний бахархал болгон алдаршуулна.

Нийслэлчүүд ээ, бүгдээрээ нэг сайхан очих газартай болъё, гаднын зочдоо, хөдөө орон нутгаас ирсэн ах дүүсээ дагуулаад хүрэхэд нүүр бардам гоё хүрээлэнтэй болцгооё. Авто зам, машин унаанаас хол сэтгэл амар хүүхдүүдээ зугаалуулах талбайтай болъё. Бахархах зүйлтэй байх сайхаан, бид хамтаа ийм хүрээлэн цогцлоосон гэж үр хүүхдэдээ хожим үзүүлье.






Өглөө сэрээд өндийхөд Бор зүрх нүдээ хагас нээгээд харж байна. Буцаад хэвттэл нүдээ аньчихав. Нойр нь ханаагүй бололтой, мөрөөрөө унтахгүй заавал намайг дэргэдээ хэвтүүлж байх санаатай шүү. Ийм жаахан амьтан ийм том санаатай байдаг байна шүү. Ээжтэйгээ л хамт унтаж байхсан гэж боддог байх нь.
Бор зүрх гэдэг нэрийг аав нь өгсөн. Ахтай нь харьцуулбал бов бор л доо. Түүнийг ер нь л ямагт ахтай нь харьцуулж ярьдаг юм. Ах нь найман сартайдаа мөлхөж байгаагүй дээ, ахыгаа бодвол энэ арай жин багатай, арай л эрт хоолонд орлоо, ой хүрээгүй алхлаа, агаа чинь ой хоёр сартай дөнгөж л гишгэсэн шүү гэнэ. Анхны хүүхдээ өсгөх гэж нусаа хамартаа наасан бид хоёр хоёр дахь үрээ тэвэрчихээд амихандаа томорч байгаа нь энэ биз.
Хоёр дахь хүүхэд зөнгөөрөө, мөрөөрөө өсдөг гэж үнэн байх л гэнэ. Ээж нь ч эрт орхиод ажилдаа орсон доо. Ах нь багадаа ямар олон удаа ханиад хүрч, хатгаа болж тариа хийлгэлээ. Шөнө унтана гэж байхгүй гээд л хөөрхий муу шар толгойтыг минь хавчуулаад ярина. Тэмүүлэнг бодоход Тэнгис ёстой бор зүрхээрээ хүн болж яваа юм... энэчлэн хуучилсаар нэг л мэдэхэд хүүг минь Бор зүрх гэх болжээ. Бор зүрх агаагаа л дагаад мөлхөнө, эсвэл бээцэгнээд алхана. Угаалгын өрөөнд ороход нь хаалганых нь гадаа сууж байдаг юм, сайхан л ахтай хүн дээ. Бид гурвыг наана эрхлэж, эсвэл хооллож, зурагт үзэж байхад тэр жижигхэн нөхөр өөрийгөө зугаацуулах аргаа олчихсон чимээгүйхэн хэрэг тарьж л суух. Тээр ёстой Бор зүрх шүү гэж аав нь магтана.

Тэнгис одоо под под хийтэл алхана. Үе үе уначихна. Хүн харахгүй бол зүгээр босоод алхчихна. Харчихаад “Хүүе яана аа” гэчихвэл харин сайхан орилно. Одооо уначихаар нь “чимээгүй чимээгүй” гэдэг болсон. “Энүү, энүү” гээд долоовор хуруугаараа заагаад санасан зүйлээ авахуулчихна. “За май” гэнэ. Заримдаа юу гэж байгаа нь мэдэхгүй учиргүй их шулганана. Буурал ээж сонсчихоод “Хүнээр бол юм яриад байгаа юм байх даа чааваас” гэдэг юм. Хөөрхий, хэвтэрт орсон буурал ээжид минь Бор зүрх жинхэнэ зугаа болно. Хаана явна, юу хийнэ, иднэ, ууна, уйлна, ая сонсоод баярлан бүжиглэж байгаа аятай хөдөлнө... Үйлдэл бүрийг нь нэг бүрчлэн хараад л инээгээд хэвтэж байх. Очихгүй нэг өдөр өнжвөл “Жижигхэн Бөмбүүлэй гэртээ л байгаа юу” гэх нь “Тэд өнөөдөр бас ирэхгүй нь ээ” гэдэгтэй адил сонстоно.

Ажлын дундуур очдог байснаа сүүлийн үеэс залхуураад хүүхэд рүүгээ өдөр гүйж хөхүүлэхээ больсон. Орой эртхэн очиж байхсан гэж бодож байна.
Бор зүрх хүн дагана, энэ нь аягүй түвэгтэй. Ваннд ороод хаалга хаачихад гаднаас нь цохиод орилж өгнө, ямар хэрэгтэй юм бүү мэд. Хаалгаар хүн л гарвал орилж байгаа гэж аав нь хэлсэн. Агааг хичээлд явахад уйлна. Тиймээс биднийг гарахын өмнө аав нь жижиг өрөө рүү тэвэрч ороод тэнд саатуулж байдаг болсон. Гадаа хүйтэн байвал эргэж дулаан хувцас авах, шүхрээ, утсаа мартсан бол буцаад орох амаргүй. Тэгтлээ уйлсан амьтныг харах амаргүйн дээр арай гэж тайвширч байхад нь дахин ориулуулах гэж яршиг гэж бодоод даарсан чигтээ, өдөржин гар утасгүй байя гэж шийдээд ажил руугаа даараад алхана. Дагадаг хүүхдийн “асуудлыг” хэрхэн зөв тийш нь шийдэх арга ухаан байна, ээж нар зөвлөвөл тун ч сайн байна аа.
Өчигдөр ёстой нэг шараа юм болжээ. Аав гуай салат хийх гээд гал тогоонд учиргүй завгүй суутал Бор зүрх баагаад, түүнээ бариад.... бурхан минь арай л амандаа хийгээгүй байгаа даа. Заваарсан юм болсон гэсэн. Зурагт үзэж суусан Тэмүүлэнг дүүгийнхээ баахыг харсангүй гэж загнажээ. Хөөрхий миний данхар толгойтой шар хүү дүү гарснаас хойш үе үе зэмлүүлдэг болсон. Бас чихрээ хувааж иднэ. Ээжийнхээ өвөрт унтахгүй. Шилээ хазуулна гэдэг чинь энэ шүү дээ, миний хүү.

Орой цэмцийсэн цэвэрхэн хүүхэд тоссон нь өдөр ийн заваарсантай нь холбоотой байж. “Өмдгүй, нүцгэн битгий байлгаарай гээд байхад...” гээд би хошуу нэмсэн. Манай жаал памперс зүүдэгггүй. “Сайн сайн л гэнэ, тэгснээ удалгүй л памперс хэрэглэх нь муу, ер болохгүй гээд яриад эхэлнэ” гэж ээж Тэмүүлэнг төрөхөд л дургүйцсэн. Огт зүүгээгүй дээ, миний хүү. Тэгээд ч өдөр шөнөгүй памперсдах зоос ч байхгүй. Ээж харчихвал “Хүүдэд ийм муухай юм зүүлгээд, агаар салхи ч нэвтрэхгүй, битүү уутанд хүүхэд хийчихсэн байна, одоо ав ав....” гээд үргэлжлүүлж гарна, заалттай.

Ээж, хүү хоёр ингэж хөглөсөөр ой хүрчихэж. Ой хоёр сарын вакцинаа хийлгээрэй гэсэн дуудлага ирлээ.

О.Ундармаатай /”Ням гариг” сонины сэтгүүлч / мэссэнжерээр холбогдлоо.

-Танай хүү тарилгаа хийлгэсэн үү, уйлсан уу?

-Гайгүй ээ, найман сарынхтай адилхан, уйлж, халуурдаггүй юм билээ.

-Аан за ашгүй, бид хоёрын ээлж иржээ.

-Ээжүүд ер нь вакцин хийлгэнэ гэхээс үнэхээр айх юм аа, тэй.

-Анхныхаа хүүхэд дээр л айдаг байх даа.

Амихандаа аягүй томорсон байгаа биз. Ямартай ч вакцин хийлгэхээс айж санаа зовохоо байлаа.

Л.Болормаатай / “Mining journal” сэтгүүлийн эрхлэгч/ дээхнэ нэг уулзсан юм. Алисиад үлгэр уншиж өгөхөөр үзэл бодлоо хэлээд уншуулахгүй байна гэнэ.

-Эрт урьд цагт Улаан малгайт охин гэж байжээ.

-За.

-Улаанмалгайт эмээдээ хуушуур хийж өгчээ.

-Сайн байна.

-Эмээг нь чоно идчихжээ.

-Уучлаарай гэсэн гэж байгаа.

Одоо Р.Эмүжинд /”Өнөөдөр” сонины тоймч/ тохиолдсон жижигхээн хөгтэй явдлыг яръя.

Эмүжин хоёр хүүгээ дагуулаад он солигдохын өмнөхөн гэртээ оржээ. Томыгоо машинаас бялуу аваад ир гээд буцаагаад гаргаж. Хонгор замдаа тортоо унагаад... Тэгсэн Эмүжин “Та нар яасан том болдоггүй хүүхдүүд вэ” гээд уйлсан гэж байгаа. Үгүй мөн бэлэн нулимс шүү.

Т.Мөнхтунгалагийн Марал, О.Ундармаагийн Чингүүн, Л.Болормаагийн Алисиа, Б.Цацралын Тэнүүн, Б.Мандухайгийн Нандинтүшиг, Г.Эрдэнэтуяагийн Төгс-Асралт, Б.Өлзийтогтохын Билгүүнзаяа, О.Мандухайгийн Нандинтүшиг, Ж.Бурмаагийн Очгэрэл, Р.Эмүжингийн Батхаан, Л.Мөнхбаясгалангийн Анар, Ю.Төгсжаргалын Түвшин, Г.Оюунгэрэлийн Оргил гэхчлэн ойрхны минь найз сэтгүүлчдийн хүүхдүүд Борзүрхтэй нэгэн үеийнхэн. Алтан гахай, хувьтай хулгана жилд төрсөн эрх бондгорууд. Ээжийгээ 30 гарч, 40 шүргэсэн насанд ирсэн энхэрүүд. Х.Болормаа маань хэдхэн хоногийн өмнө төрсөн, охинтой болсон. Улаан маамуудаа нэр өгч хараахан амжаагүй байна лээ. “Улаан маамаа нь сайн уу” гэхэд “Миний охин улаан биш цагаан шүү” гэсэн, хөөрхөн.

Сэтгүүлч бүсгүйчүүд ажил ихтэй л дээ. Хуулийн дагуу хоёр ой хүртэл хүүхдээ асарсан ээж миний орчинд лав байхгүй. Сар гаруйхан хоногтой нялх амьтнаа хаяад ажилдаа яардаг зоригтнууд. Тэмүүлэнгээ ой хүргэж ажилдаа ирсэн намайг хожим Тэнгисийг угтахаар амралтаа авахад “Энэ мөд ирдэггүй юм, чи хүүхдээ дөрвөн сар болгоод ажилдаа орно шүү” гэж ам асууж байсан тохиолдол бий. Бор зүрхийг дөрвөн сартайд, найз бүсгүйчүүдийнхээ эгнээнд мөр зэрэгцэн алхах гэж ажилдаа яаран орсон.

Найз нарын минь амин эрдэнэ болсон бяцхан зулзагануудад хүүхдийн баярын мэнд хүргэе. Бор зүрхнийхээ найзуудад дээдийн дээд ерөөл, эрүүл энхийг хүсье. Хоолоо сайн идэж байгаарай, ээж, аавынхаа үгэнд орж байгаарай тэгвэл агаа, аниа шигээ том болно шүү.