Мөсөн тивийн эзэд

Улаанбаатар ийм хөөрхөн шинэ “амьтадтай” болжээ. Антарктидад хөл тавьж, судалгаа хийсэн Монголын хоёр дахь эрдэмтэн Даваасамбуугийн Чулуунбат “Энэ жижиг оцон шувуу нь том руугаа харж байгаа биз дээ. Том нь ээж нь юм. Нөгөө талд байгаа нь аав хүү хоёр цагаан баавгай” гэж тайлбарлалаа. 1982 онд Антарктидад очсон, тэнд судалгаа шинжилгээний ажил хийж өвөлжсөн энэ эрхмийг уг нь манайдаа “Улаан ном”-д оруулж хамгаалмаар үйлстэй. Амьдралын нь таван жил их ус, их цасан дунд багаж тэвэрч, цаас ноолж өнгөрсөн. Таван жил хэмээсний учир нь Хөвсгөл нуутрын эрэгт төрж, тоглож өссөн хүү хойд далайг судалж хоёр жил, Энэтхэг, Номхон далайг гурван жил дараалан шинжсэн манайдаа л далайчин судлаач.

Д.Чулуунбат сүүлийн үед үүл буудаж бороо оруулж гаршаад байгаа. Засгийн газраас “Хурын шим” төвийнх нь үйл ажиллагааг ойлгож, сүрхий сайн дэмжиж эхэлсэн.

Харь нутгийн оцон шувуутай монголоор ярьж эх орноо санагалздаг байснаа одоо “Манай нутгийн дээгүүр яваа үүлний усыг л авмаар байна. Зүгээр өнгөрөөлгүй, ашиг шимийг нь сааж үлдмээр байгаа юм. Тэр технологийг би мэднэ. Байгалийн усан сангууд байгуулбал, тухайн орчны уур амьсгалыг зөөлрүүлнэ. Үүний тулд бороо оруулдаг төхөөрөмжийг хэд хэдэн газар байрлуулахад л хангалттай” хэмээн тэнгэртэй тэрсэлдэх болсон.

Ус цаг уур орчны шинжилгээний газрын гадна байрлуулсан энэ амьтадтай Чука өглөө болгон мэндэлдэг юм гэж найз нөхөд нь түүнд онигоо гаргажээ. Нээрэн тэр л энэ амьтдын үүх түүх, амьдралынх нь нууцыг хамгийн сайн мэдэх нь манайд бол яах аргагүй Чулуунбат мөн.

2007-2009 оныг дэлхийн цаг уурын байгууллагаас олон улсын туйл судлалын жилээр зарласан. Энэ нь туйл судлалд дэлхий анхаарч байгаагийн том илрэл. Далайгаас алслагдсан, ийм их усны төсөөлөл ч багатай монголчууд бид далайтай хамгийн “гүнзгий” танилцсан, энэ тухай мэдлэг мэдээлэлтэй, олон улсад үнэлэгдсэн энэ эрхмээ хайрлаж, үнэлж чаддаггүй нь тиймхэн. Олон улсын туйл судлалын жилийн хүрээнд манай улсын хоёр эрдэмтэн Олон улсын байгууллагын шугамаар мөсөн тивд судалга хийсэн л дээ. Гэхдээ тэрнийг нь аялал төдий зүйл гэхэд хилсдүүлсэн болохгүй биз. Д.Чулуунбатын тэнд судалгаа хийсэн хугацаатай харьцуулахад Антарктидтай танилцах төдий 45-хан хоногийн аялал билээ. Цэрэндэлэг, Чулуунбат нарынхаа Тэднээс гадна зартай аялагч Г.Ганхүү саяхан Антарктидийн өндөр оргилд гарч Төрийн далбаагаа мандууллаа. Ийм гурван аяллыг олон улсын туйлын жилийн хүрээнд манайх хийлээ. Өөр юу хийсэн бэ, бидэнд юу үлдсэн бэ. Дэлхийн цаг уурын байгууллага, Олон улсын шинжлэх ухааны зөвлөл гэсэн хоёр байгууллагаас энэ хугацаанд манай улсад хэрэгжүүлсэн төслийн хүрээнд улаанбаатарчууд зургаа хамт авахуулж байх хөөрхөн “иргэдтэй” боллоо. Шөнө ойройдоо тэрүүхэндээ орчиндоо гэрэл асч, нийслэлчүүд тэнд хүүхдүүдээ дагуулан очиж мөсөн тивийн эзэдтэй зургаа авахуулдаг болжээ. Энэ байгууламж хараахан дуусаагүй. Ус хөлдөхөөргүй болж дулаарах тэр үед усан оргилуур ажиллуулна гэсэн. Мөн мөсөн тивд судалгаа хийсэн цөөхөн эрдэмтдийнхээ намтар, ажил үйлсийг сурталчлах булан ажиллуулах юм билээ.

Жил бүрийн гуравдугаар сарын 22-нд дэлхийн усны, 23-нд цаг уурын өдөр тохиодог. Энэ өдрийг манай улс 1963 он буюу Дэлхийн цаг уурын байгууллагад гишүүнээр элссэн тэр жилээс хойш тэмдэглэж буй. Энэ өдрөө угтаж цаг уурчдаас нийслэнлчүүдээ бэлэг болгон барьсан энэ бүтээлийг уран барималч Л.Гантөмөр урлажээ. Тэрбээр өмнө нь Төрийн ордон дахь Чингис хааны цогцолборыг бүтээхэд оролцож, их эзний баруун гар болсон Мухулай, Боорчи нарын морьт хөшөөг урласан туршлагатай. Тиймээс эдгээр “амьдтыг” тун богино хугацаанд хийж дуусгасан хэмээн цаг уурчид ам сайтай байна лээ.

Антарктидийн бэлгэ тэмдэг болсон оцон шувуу, Арктикийн нэрийн хуудас хос цагаан баавгай Улаанбаатар хот байгуулагдсаны 370 жилийн ойг бидэнтэй хамт тэмдэглэхээр дэлхийн цаг уурчдын өдрөөр манай улсад иржээ.

Энэ бяцхан сурвалжлагаа тал нутгийн Монголоос их усны мандалд судалгаа шинжилгээ хийсэн хоёр ахынхаа ярилцлагыг хүргэе.