Бал эрхлэгч


Эрхлэгч эзгүй нэг жилд

Манайхан ажилдаа ирж байна. Өглөөний шуурхайд амжихаар яарч буй нь илт. Шуурхай тасалбал ажил тасалсан хэмээн үзэх бичигдээгүй хуультай. Яана аа, эрхлэгч ирчихэж, машин нь байна. За байз өчигдөр би юу бичсэн билээ дээ, алдаа мадаг гайгүй байгаа. Дугаар удирдагчид гайгүй сайн уншуулсан юмсан. Эрхлэгч уншиж амжаа болов уу, тэр юу гэх бол оо. За байз, ямар мэдээ хэлдэг билээ. Сэтгүүлчийн өглөөний ажил мэдээ хэлэхээс эхэлдэг. Ингэхэд ийм журмыг хэн боловсруулсан юм бол оо. Аягүй бол үргэлж элдэв юм сэдэж эхлүүлж байдаг манай эрхлэгч л байх даа. Уг нь эрхлэгч л биднийг ийн ташуурддаг байсан сан. Байсан гэнэ ээ. Яагаад байсан гэж… Сая эрхлэгч гэж хэлэв үү дээ… Тийм ээ, эрхлэгч…. Бал эрхлэгч үү…. Тийм ээ, Бал эрхлэгч.

Өнөөдөр арванхоёрдугаар сарын 15. Хорвоогийн жирийн атлаа жирийн биш, тийм хар атлаа хар биш өдөр эхэлж байна Хорвоогийн өдөр хоног жам ёсоороо ээлжилсээр 365 хоносон байна. Наран 365 хоног энэ л янзаараа мандаж, жаргасан байна. Хацар хайрах жавартай, хүйтэн салхи үлээсэн жиндүүхэн өглөө байх чинь. Өнгөрсөн жилийн энэ өдөр бас л ийм хүйтэн, жихүүн салхитай зэврүүн байж билээ. Эрхлэгчийг минь бурхан булааж авсан тэр өдөр. Уул нурж, ус цалгиж, тэнгэр ниргэсэн энэ өдөр. Өндөр Алтайн уул нураад унах шиг дүнхийсэн саарал өдрүүд энэ л өдөр эхэлсэн. Бид нөмөр нөөлгөө алдсан. “Эрхлэгч их муу байна гэнэ ээ, бараг… Хурдхан ир”.

Мэдээ олох, бичих хэцүү мөртлөө сайхан. Гэтэл ийм богинохон хэрнээ ийм гашуун мэдээг “Өнөөдөр”-ийнхөн, Монгол ньюсчууд сонсч, итгэж ядан байлаа. Шүр эгчээс, Номиогоос, Нандиагаас, Мөнтүүкээс, Цооцоогоос, Магнай ахаас, Баагийгаас… бид нулимсаа нуух ёстой. Эрхлэгчийнд очоод уйлав аа, редакцдаа л уйлаарай. Битгий нэгнийгээ уруу татаад байгаарай, сэтгэлээ барина шүү… ийм хүнд үед үүнээс хэцүү даалгавар байх уу даа. Хашаандаа, дотор үүдэндээ зассан шинэ жилийн мод, чимэглэлээ буулгаарай гэж хэн нэгэн маань санахаас өмнө харуул залуу модныхоо чимэглэлийг нэг нэгээр нь аяархан аваад хайрцаглаж байсан… нулимстай өдрүүд ингэж эхэлсэн. Эрхлэгчийг минь хүндэтгэн манай байраар ирэх хүмүүсийн цуваа тасраагүй. Эмгэнэлийн цахилгаан утсаар, факсаар, зурагт, радио, интернэт шуудан хаанаас бол хаанаас ирж… “Өнөөдөр” сонин, “Монгол ньюс”, “Улаанбаатар” зочид буудал төдийгүй хэвлэл мэдээллийнхэн, бизнесийн байгууллагууд ерөөсөө Монгол орон даяараа гашуудан Цэрэндоржийн Балдорж гэж ховор сайхан хүүгээ алдсандаа харамсан уйлж байлаа.

Түүнгүйгээр бид яг нэгэн оныг үджээ. Тийм ээ тэр байхгүй болсон. Үгүй ээ, тэр буцаад ирсэн шүү дээ. Итгэхгүй бол хар л даа. “Өнөөдөр”-ийнхөн эрчтэй алхаж байна. Нэгэн үе тэднийг харахад нүд халтирч, зүрх шимширмээр хэцүү байсан нь үнээн. Тэд одоо уйлахаа больсон, эрч хүчтэй ажиллаж байгаа. Бидний сэтгэлд эрхлэгч маань амьд, бурхнаас биднийг тольдон харж, зааж зааварлаж буй гэдэгт бид итгэдэг.

Бал эрхлэгчийгээ бурхны оронд үдсэнээс хойш өнчирч хоцорсон үр хүүхэд, хамт олонд бидэнд юу эс тохиолдох билээ. Энэ хугацаанд алдахдаа алдаж, уйлахдаа уйлсан өдөр олоон. Таварцаглаж унасан хүүхэд уйлаад ээж, аавыгаа дууддаг шиг ийм л үед таны минь нөмөр нөөлөг хэчнээн их дутагдаж байсныг та харин мэдэхгүй байж магад. Бид танаас нулимсаа, алдаагаа нуух гэж хичээсэн. Эрхлэгч Та уруу, дорой нэгэнд дургүй учир бид алдаагаа түргэхэн оноо болгохыг хичээж байлаа. Бид таны тухай их бичсэн, таны найз нар ч дурсамж ирүүлсэн. Гэхдээ бид заримыг нь гомдоосон, бичсэн дурсамжийг нь сонинд гаргалгүй хадгалсан. Та ч бас ингэх л байсан. Аягүй бол “Өнөөдөр сонин та нарын гуниг гашуудлаа зарладаг талбар биш шүү, найз нараа. Одоо боливол яасан юм бэ” гэх л байсан даа.

Дэлхий наран авхайг нэгэнтээ бүтэн тойрсон энэ хугацаанд бид ажиллаж, амжуулсан зүйлийнхээ заримаас танд тайлагная. Таны эхлүүлсэн, зөв замд нь хэдийнэ оруулж, хурдлуулсан галт тэрэгний эрч өчүүхэн ч саараагүй гэдгийг энэ өдөр танд дуулгая. Энэ нүсэр том галт тэргийг аавын жаахан охин Нандиа удирдаж явааг та мэднэ. Тэр сайн захирал, чадварлаг эрхлэгч болж төлөвшиж байгаа. Нас нь даанч бага байна даа, гэсэн ч тэр суралцана, удахгүй тань шиг мундаг эрхлэгч захирал болно оо, та итгээрэй.

Галт тэрэгнийхээ түлшийг хэдэн жилд дуусахааргүйгээр та галлажээ. Галт тэрэг Монголын хэвлэл мэдээллийн том орон зайд өөрийн гэсэн зам мөрөөрөө хурдалсаар байна. Энэ явцад чухам юу юу болж өрнөсөн тухай танд одоо тайлбарлая.

2008 оныг бид гацуур мод тойрон угтаагүй. Гэхдээ бид олз омогтой байсан. Таны минь амьд сэрүүн асан 2007 онд Өнөөдөрийнхөн чамгүй амжилттай ажилласан. Та зах зухаас мэдэрсэн шүү дээ. Монголын хэвлэлийн хүрээлэн болон Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Өнөөдөр” сониныг тань оны шилдгээр өргөмжилж, сэтгүүлч, сурвалжлагч бид нарт урам өгсөн. Шинэ он гараад удаагүй Рэ ах минь соёлын гавьяат зүтгэлтэн болсон. Та эзгүй ч таны гарын үсэгтэй тодорхойлолтоор И.Рэнчинханд ахын энгэрт Ерөнхийлөгч яг таных шиг тэмдэг зүүж өгсөн билээ. Тэр шагналаа авчихаад “Би эрхлэгчийгээ хэзээ ч талийгч гэхгүй, эрхлэгч ээ л гэнэ” гэж хэлж биднийг уруу татаж уйлуулсан шүү. Тулхтай,түшигтэй Рэ ах залуу эрхлэгчийгээ угтахдаа “Өнөөдөр сонинд шинэ үе эхэлж байна” гэж хэлсэн. Уйлж, нулимстай үдсэн хуучин оныг төрийн том шагнал мартагнуулж, сайн сайхан гэрэл гэгээтэй өөдрөг ажил амьдралд биднийг хөтөлсөн нь мөн л таны минь ач байлаа.

Эрхлэгч ээ танд хэлэх зүйл байна аа. Бидний хийсэн болгоныг та сайнаар хүлээж авахгүй байж магадгүй. “Балдорж сан” байгуулсан, таны хөшөөг байрныхаа хүндэтгэлийн хойморт залсан тухай сонсвол та лавтай гайхах байх даа. Дургүйцэж ч болох. Та сонинд зургаа гаргах ямар дургүй байлаа даа. Бид ч зураг сонгохдоо “наана чинь эрхлэгч байна аа, өөр юм байна уу” гэхчлэн ярилцдаг сан. Таныг эзгүйд харин бид таны зургийг зөвшөөрөлгүйгээр ямар ч олон удаа сонинд гаргав даа. “Өнөөдөр” сониноос жил бүр шалгаруулдаг жил жилийн оны шилдэг хүнээр олны танил, нөлөө бүхий хүмүүс таныг нэрлэсэн. Өмнө нь ч таныг нэрлэдэг л байсан, та л өөрийнхөө нэрийг хас, өөр хүн нэрлүүл хэмээн илэрхий дургүйцдэг байсан шүү дээ. Энэ мэт таны дургүйцэж мэдэх олон зүйлийг хамт олныхоо, сэтгүүлчдийн төлөө таны гэр бүл болоод “Монгол ньюс”ийнхэн бид хийжээ. Уучлаарай, бид ингэж гэмээ нь уужирч, тайвширч, танаасаа суралцаж, таньтай хамт гэж, эрхлэгч дээрээс харж байгаа, алдаа хийж болохгүй гэхчлэн дотоод сэтгэлдээ төсөөлж, таньтай ярьж, цэнэг авч ажиллаж явна шүү дээ.

“Өнөөдөр” сонин таны захиалагчийн тоо таны мөрөөдөж асан 10 мянгын хязгаарыг хэдийнэ давсаан. Шинэ үйлдвэртэй болсон, дэлхийн стандартад нийцсэн нарийн форматаар гарч эхэлсэн. Бас анх удаа электрон хувилбарт шилжлээ.
Бид таныг заримдаа жигтэй их санах юм аа.
Эрхлэгч, дарга нар маань торгодог, загнадаг, яг л тань шиг. Шуурхайгаас хоцрох, таслах, үйл явдлын мэдээ хэлэхгүй загнуулах тохиолдол бишгүй ээ. Өдөр тутмын ажил ингэж байж л урагшилдгийг бид мэднэ. “Өнөөдөр” сонинд тогтоосон том школ эндээс эхтэй ч байж болох. Тийм ээ, та биднийг загнахдаа загнадаг байсан. Таны хатуу үгийн цаана “Энэ хэд минь” гэсэн аавын, ахын хайр, халамж байдаг байлаа.

Эрхлэгч ээ, таны жүжгүүд өнөө ч үзэгч олонтой байгаа. Драмынхан саяхан “Шөнө амталсан нулимс”, “Хайрын виз”-ыг тань тоглосон. Хөдөө орон нутгаар аялахдаа энэ хоёр бүтээлийг дорноговьчуудад сонирхуулахад тэд тун сайхан хүлээж авсан гэсээн. Амьдралынхаа сүүлийн жилүүдэд кино урлагт онцгой шунан дурлаж, цаг хугацаа заран “Элсний нүүдэл” хэмээсэн залуучуудад зориулсан сайхан кино хийснийг тань бид мэднэ. Хоёр ангит энэ бүтээл нам жим болсон, бараг “пээнсэндээ” гарах гэж байсан Монголын кино урлагийг хөдөлгөөнд оруулж билээ. “Элсний нүүдэл” дүүтэй болсон. САС-ийнхан “Шүрэн бугуйвч” гэж кино хийсэн нь үзэгчдийн ялангуяа залуусын сонирхлыг ихэд татаж буй. Одоо ч тэд кино зохиол хайн бэдэрч явна, та байсан бол тэд ийм эрэлд гарахгүй байсан даа.
Өнөөдөрийнхөн гэхэд л хэнбугай ч хүлээн зөвшөөрөхүйц өдөр тутмын чөлөөт сонины өөрийн гэсэн дэг сургуулийг бий болгож, олон зүйлээр анхдагч, олныг араасаа дагуулагч түүчээ нь байж чадсан.

“Өнөөдөр”-ийн эрэл хайгуулын цаг мөч бүхэнтэй уралдсан бүтээл туурвилын, ямагт урагшаа тэмүүлсэн буцалмал амьдралын хэмнэлд дасан зохицож чадсан хэн боловч эндээс гараад явах дургүй болчихдог. Өөрийнхөө хүч чадлыг сорьж, хүчин чадлаасаа давсан мэт санагдах тэр хязгаар руу эрхлэгчээрээ араасаа түлхүүлж, гараасаа хөтлүүлж, дараа нь тэгээд өөртөө урамшин баярлах гэдэг сайхан байсаан. “Өнөөдөр” сонин маань бидэнд ухрах, нэг байран дээрээ байх зав өгдөггүй. Ийн бахархах бахархал, тэмүүлэх тэмүүлэл, урамших урам, итгэх итгэлээр үргэлж цэнэглэж асан Цэрэндоржийн Балдорж эрхлэгчдээ баярлалаа гэж бид өдөр тутам хэлэх учиртай. Та бидний дэргэд үгүй ч сэтгэл зүрх тань Монгол ньюсийнхний цээжинд амьд сэрүүн хэвээр. Тиймдээ ч таны хурдлуулсан галт тэрэгний хүч саарахгүй давхисаар буй за.

Та эзгүй нэгэн оныг үдэж буй ч “Өнөөдөр”-ийн зарчим болсон улаан шугам тань яг тэр хэвээрээ.
Тийм ээ, өнөөдөр арванхоёрдугаар сарын 15. Хорвоогийн жирийн атлаа жирийн биш өдөр эхэлж байна. Өдөр хоног жам ёсоороо ээлжилсээр 365 хоносон байна. Наран 365 хоног энэ л янзаараа мандаж, бас жаргасан байна. Хацар хайрах жавартай, хүйтэн салхи үлээсэн жиндүүхэн өглөө байх чинь.
Гардаг гардаггүй баахан үзэг, бал, том хар тэмдэглэлийн дэвтэр зэргээ замбараагүй гэгч нь хийсэн овор ихтэй цүнхээ мөрөвчлөөд таны хэдэн сэтгүүлчид ажилдаа ирлээ...


БАЛ ЭРХЛЭГЧ МААНЬ “ЭРГЭЖ ИРЛЭЭ”

Амьд ертөнцийн жамаар буцаж ирэхгүй мөнхийн томилолт өвөртөлсөн эгэлгүй нэгнийг гэр бүл, дотнын андууд, мэргэжил нэгт нөхөд нь эргэн дурслаа. Гэхдээ “Улаанбаатар” зочид буудалд цугласан 200 гаруй хүн гашуудан уйлах гэж тэнд очоогүй юм. Цэрэндоржийн Балдоржийг дурсаж, аавыгаа санаж, ахыгаа, эрхлэгч, захирлаа хүндэтгэн түүний хийж бүтээсэн бүхнээр бахархан, үйл хэргийг нь мөнхжүүлэх зорилготой “Балдорж сан”-г өлгийдөн авахаар цугласан билээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Санжаагийн Баярын гарын үсэг бүхий урилгатай хүндэт зочид хүндэтгэлийн арга хэмжээний гол эзнийг хүлээн, “Балдорж сан”-гийн нээлт цагаасаа ялимгүй хоцорсхийн эхлэв. Яагаад гэхээр Засгийн газрын гишүүдийг томилох УИХ-ын чуулганы оройхон эхэлсэн хуралдаанаас Ерөнхий сайд С.Баяр 15 минут чөлөө аваад ирлээ.

Сайн нөхөд, хайрт хань, үр хүүхдүүдийнх нь санаачилга, хичээл зүтгэлийн илэрхийлэл “Балдорж сан”-гийн нээлт хүндэтгэлийн нэг хормоор эхэлж нэгэн зорилгын дор нягтарч, нэгэн үдэш, нэгэн хором нэгэн сайн найзыгаа, Цэрэндоржийн Балдоржийг хамтдаа дурсан хүндэтгэлээ.

Энэ сангийн үүсгэн байгуулагч Б.Мөнхтүшиг: “Өнөөдөр албан ёсны нээлтээ хийж байгаа ч “Балдорж сан”-гийн үйл ажиллагаа аль хэдийнэ, хэдэн сарын өмнөөс эхэлсэн юм. Аав маань сэтгүүлч, сурвалжлагч нартаа маш их хайртай хүн байлаа. Сэтгүүлчийн ажлын хүнд хэцүүг ойлгон, сэтгүүлч байхын жаргал, зовлонг туулж, сэтгүүлчийн зүрх сэтгэлээр амьдарч явсан билээ. Зөвхөн сэтгүүлч хүнд заяадаг авьяас билгийг хайрлаж чаддаг байлаа. Хэвлэлийн салбарын ирээдүйн боловсон хүчнийг бэлтгэхэд анхаарч, “Өнөөдөр” сонины гэж өмчлөх “школыг” бий болгосноор нь бид бахархдаг.

Тийм ч учраас энэ сангийн үйл ажиллагаа хэвлэлийн салбарт түлхүү өрнөх болно. Ирээдүйн сэтгүүлчдийг бэлтгэх, тэднийг урамшуулах, ахуй амьдралд нь томоохон дэмжлэг үзүүлэхийг эрмэлзэн ажиллах болно. “Балдорж сан” түүний хайрлан өмгөөлж явсан сэтгүүлчидтэй ямагт хамт байх болно. Санд ямар нэгэн гишүүнчлэлийн хязгаарлалт шаардлагагүй гэж үүсгэн байгуулагчид бид үзсэн. Яагаад гэхээр Цэрэндоржийн Балдоржийн үйл хэрэг ямар нэгэн хил хязгааргүйгээр өрнөж, олон олон хүнд хүрч байсан билээ. “Балдорж сан”-гийн гишүүн байхыг хүссэн хэн бүхний өмнө манай хаалга үргэлж нээлттэй байх болно” гэлээ.

Мөн тэрбээр “Аавын минь амьдралд есдүгээр сар дурсамж дурдатгалаар дүүрэн байсан шиг санагддаг. Аав минь есдүгээр сарын 30-нд төрсөн. Аав, ээж хоёр энэ сард танилцсан гэдэг. Монголын анхны чөлөөт хэвлэлӨнөөдөр” сонины анхны дугаар өдгөөгөөс яг 12 жилийн өмнө мөн л есдүгээр сарын энэ өдөр гарч байлаа. Бид ч энэ өдөр сангийнхаа нээлтийг хийж, жил бүрийн энэ өдөр, энэ танхимд ажлаа тайлагнаж байя гэсэн юм” хэмээлээ.

Аавынхаа үйл бүтээлийг нэр төртэй үргэлжлүүлж яваа Балдоржийн Нандинтүшиг “Аавынхаа эхлүүлсэн бүхнийг үргэлжлүүлж, ажил албыг нь залгамжлах хүндтэй үүрэг надад оногдсон билээ. Мэдэхгүй, чадахгүй юм олон байсан ч аавыг минь түшиж, тулж ирсэн сайн хамт олон, найз нөхдийнх нь дэмжлэгээр, хичээн зүтгэж, чадлаараа, сэтгэлээрээ ажиллаж ирлээ. Уул шиг нөмөртэй аавын минь эзгүйд, хангай шиг түшигтэй аавын минь үгүйд намайг дэмжиж, тусалж байгаа хүн бүхэнд талархлаа илэрхийлье.

“Балдорж сан”-гийн үйл ажиллагааны хүрээнд “Туул, Сэлбэ голоо хэрхэн аварч хамгаалах вэ” сэдэвтэй эссэ бичлэгийн уралдаан зарласнаа дүгнэлээ. Эх болсон газар дэлхий, байгаль орчныхоо төлөө миний аав, та бүхний анд нөхөр Балдорж үгээ хэлж, үзгээ хурцалж, үйл бодлоо зориулж явсан. Түүний энэ ариун үйлсийг үргэлжлүүлэх нь уралдааны зорилго байлаа” гээд “Туул, Сэлбэ голоо хэрхэн аварч хамгаалах вэ” уралдаанд шагларсан залуучуудад шагнал гардуулах ёслолыг эхлэв.

Уралдаанд 80 гаруй бүтээл ирснээс тэргүүн байрт Сүхбаатар дүүргийн 58 дугаар сургуулийн сурагч, одоо МУИС-ийн Утга зохиолын ангид элсэн ороод буй Ж.Тэгшжаргал шалгарч, сургалтын бүтэн жилийн төлбөрөө манай сонины залуу эрхлэгчээс гардан авлаа. Уралдааны хоёр, гуравдугаар байр болоод шагналт байрт шалгарсан залуус Монголын хэвлэл, мэдээллийн том орон зай “Монгол ньюс” группт ажиллах урилга, сургалтын төлбөрийн тавин хувьтай тэнцэх мөнгөн шагнал хүртсэн юм.

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, төр нийгмийн зүтгэлтэн, нэрт сэтгүүлч Ц.Балдоржийн нэрэмжит “Балдорж сан”-гаас жил бүр шилдэг бүтээлийн эзэн, шилдэг хамт олныг хэвлэлийн салбараас тодруулж, Ц.Балдоржийн нэрэмжит шагнал болох 5000 ам.доллараар урамшуулна гэсэн таатай мэдээг дуулгая.

Засгийн газрын гишүүдийг томилж асан УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаас Засгийн газрын тэргүүн, УИХ-ын гишүүн С.Баяр чөлөө хүсэн ирсэн тухай үүний өмнө өгүүлсэн. Тэр “Миний болон Балдорж агсны гэр бүл, хамт олны урилгыг хүлээн авч, саатан морилсон та бүхэнд талархлаа. Би сая УИХ-ын дарга Д.Дэмбэрэл гуайгаас зайлшгүй очих учиртай энэ ажиллагааны тухай хэлээд 15 минутын чөлөө аваад ирлээ” хэмээн үгээ эхэлсэн юм.

Тэр ”Балдорж сан” Монголын нийгэмд хамгийн чухал байгаа хүнийг хөгжүүлэх эрхэм зорилгод үйлчилнэ гэдгийг онцлоод “Дэмбэрэл даргаас гуйсан чөлөөний хугацаа харамсалтай нь ингээд дуусч байна. Энд цугласан олон хүнтэй уулзаж, баасан гаригийн оройг өнгөрүүлмээр байна. Харамсалтай нь одоо ийм боломж үгүйг та бүхэн уучилна биз ээ” гэсэн. Төрийн ажлаас чөлөө хүсэн найзынхаа дурсгалыг мөнхжүүлэх үйл хэргийн эхийг тавьж буй энэ хүндэтгэлийн арга хэмжээнд Ерөнхий сайд, эрхлэгчийн анд, санг үүсгэн байгуулагч Санжаагийн Баяр бяцхан эрх мэдэл гарган чөлөөний хугацааг хэтрүүлэн байж сангийн нээлтэд зориулсан “САС pictures” студийн уран бүтээлчдийн бэлтгэсэн богино хэмжээний киног сонирхоод гарсан юм.

Сэтгэлд уйтай атлаа дурсамж сэргээсэн, цаашид илүү сайханд тэмүүлэх хүсэл төрүүлсэн энэ үдэш Бал эрхлэгчийн бага охин Номинтүшиг аавдаа зориулсан шүлгээ уншихад олон хүний нүдэнд нулимс цийлэгнэв. Аавын хайртай охин Номио

…Аавын энгэрт наалдан
Ахиад хөгжилдөхгүйг мэдэх хэцүү…
…Хэцүү бүхнээс хэцүү нь
Хэцүүгийн өмнө шантарсан хүнийг харах хэцүү гэж бичжээ. “Өнөөдөр”-ийнхөн Номиог багаас нь мэднэ. Аавыгаа дагаж редакцад тэр олон ирсэн. Амралт зугаалгаар явна, шинэ жилийн үдэшлэг болно, тэмцээн уралдаан зохионо. Тэр эрхлэгчийг дагаад л явж байдаг сан. Эрхлэгч нэгэн ярилцлагадаа Н.Багабанди нэг удаа надад “Ашгүй дээ, чи нэг ч гэсэн даргатай болсон нь” гэж хэлж байсан. Тэр нь манай бага охин” гэсэн нь санаанд бууж байлаа.

Эрхлэгч маань сэтгүүлч төдийгүй зохиолч байлаа. Түүний зохиол бүтээлтэй энэ үдэш бид дахин танилцаж, дурсан санагалзлаа. Тайзнаа түүний “Хачин хүн”, “Бой”, “Элсний нүүдэл” кино, “Хэрээ”, “Эмсүүд”, “Хайрын виз”, “Шөнө амталсан нулимс” зэрэг бүтээлийн хэсгээс гарч… Драмын шилдгүүдэд олгодог “Гэгээн муза” наадмын цом, баглаа цэцэг тэвэрсэн эрхлэгч маань “Би шагналд дуртай. Хамгийн анх…” гээд нүүр дүүрэн инээгээд зогсож байх юм. Тэр “Элсний нүүдэл” гэж кино зохиол бичиж, камер үүрэн зургийг нь авч, ахлан найруулсан. Тэгээд тэр анх кино урлагт дурласан тухайгаа бидэнд сонирхуулж байсан сан. Хоёр ангит энэ бүтээл нам жим болсон, бараг “пээнсэндээ” гарах гэж байсан Монголын кино урлагийг хөдөлгөөнд оруулж билээ. Энэчлэн олон дурсамж хөврөх нь ээ.

Тэр үдэш тэнд тухалсан олон сэтгэлд дотнохон дурсамжаа уудалж, шинэ санаа оноогоо хуваалцаж, нэгэн үдшийг мартагдахгүйгээр өнгөрүүлэв. Өнгөрсөн цаг дээр өнгөрүүлэв хэмээн бичсэн маань ч ирээдүй цагт бичих өвөрмөц нэгэн болзоо юм. 2009 оны есдүгээр сарын 9-нд бид дахин уулзана. Бүтэн жилийн энэ хугацаанд ноён “Балдорж” юу амжуулсныг тайлагнана.

“Хүмүүний амьдрал мөнх биш ч мөнхрөх боломж бий. Мөнхрөх ганц боломж нь өөрийнхөө дараа ямар нэгэн мөнхийн зүйл үйлдэхэд оршино. Анд нөхөр минь мөнхийн үйлс үлдээн мөнхөрсөн. Түүний мөнхийн бүтээл сэтгүүл зүйн түүхэнд тодрон товойн үлдэх нь гарцаагүй” хэмээн эрхлэгчийн минь дотны анд, Ерөнхийлөгч асан Нацагийн Багабанди хэлсэн буюу.

Нэрт сэтгүүлч Цэрэндоржийн Балдоржийг мөнхөлсөн нэгэн бүтээлийг энэ үдшийн зочдод дэлгэсэн нь “Далай ээж” маань цаазын тавцанд” гэсэн номон хөшөө. Энэ бүтээл хүн бүрт өөр өөр мэдрэмж төрүүлсэн нь лавтай. Нэрт сэтгүүлч, сэтгүүл зүйн тулах багана, Балдорж шиг сэтгүүлч үгүй л гэнэ. Эрхлэгчийн тухай энэ мэт магтаал дэндүү олон. Би ч мөн адил энэ хүмүүсээс хуулбарлаад нэрт сэтгүүлч гэж боддог байлаа. Гэхдээ чухам юу юу бүтээгээд нэрт гэсэн тодотгол нэрийнх нь өмнө зүүснийг мэдэхгүй, хуурай л бичээд байж л дээ.

“Далай ээж маань цаазын тавцанд” бүтээлээс өөр, түүний сэтгэл, хөдөлмөр шингэсэн олон олон нийтлэл, сурвалжлагыг сонины шарласан хуудас сөхөж, архив уудлан уншаагүйдээ ичив. Эрхлэгчийгээ сэтгүүлч биш эрхлэгч, удирдагч гэдгээр нь л илүү мэддэг, таньдаг байж. Сэтгүүлч Цэрэндоржийн Балдоржтой түүний бүтээлүүдийг эмхэтгэсэн энэ номоос дахин танилцлаа. Хэдийгээр жаахан хожуу ч гэлээ ихийг сургах, бодуулах, санаа оноо авах даацтай бүтээлүүд тэнд байна. Бал эрхлэгч бүтээлээ яагаад эмхэтгэж байгаагүй юм бүү мэд.

“Үнэн” сонины 1977-1990 оны дугаараас түүний тэрлэж байсан хүмүүс, аж байдал, байгаль дэлхий, хүн ам зүй, нийгэм улс төр, урлаг, спортын чиглэлээр туурвисан олон бүтээлийг уншлаа. Номд өмнөтгөл бичсэн Хөдөлмөрийн баатар, соёлын гавьяат зүтгэлтэн, доктор Л.Түдэв гуай эрхлэгчийг “Мэдээллийн зууны гурвалсан морьтон” гээд, “Ц.Балдоржийн хөллөгөө морины нэгдэх нь “сэтгүүлч” халиун, хоёрдахь нь “зохиолч” зээрд, гуравдахь нь “менежер” шарга гэж “оношлоод” тус бүрт нь хэрхэн “хурдлан давхиж” явсныг нь дурджээ.

“Дуурийн гурван дугараанд”, “Далай ээжийг цаазлахаар зэхэж байна”, “Хорогдсоор хорогдсоор ховор амьтан болчих вий”, “Эмэгтэйчүүдийн нийгмийн асуудал эрчүүдэд хамаатай”, “Ганц жил наслуулах гэж арван сар тээдэггүй”, “Олимпийн наадмаас аварга төрөөгүйн сургамж”… уншаад л баймаар нийтлэл, сурвалжлагынх нь хүч одоо ч сулраагүй байх нь гайхалтай. Эрхлэгчийн нэрийн өмнөх тодотгол, “НЭРТ”-ийн учгийг ийм хожуу ухаарсандаа харамсах ч, мэдэхгүй тэр чигтээ өнгөрөөгүйдээ баярлав.

Архив уудалж, хуучин сонин сөхөж сургууль, сургамж, захиас болох ийм сайхан бүтээл бэлтгэсэн эрхлэгчийн минь хайрт хань Н.Шүр эгчдээ, соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Р.Чулуун ахдаа талархъя.

“Өнөөдөр”-ийнхөнд төдийгүй Монголын сэтгүүл зүйд дөрөө харшуулан зүтгэж буй андууддаа, энэ мэргэжлийг өвлөх гэж буй оюутан дүү нартаа Цэрэндоржийн Балдорж гэсэн зохиогчтой ”Далай ээж маань цаазын тавцанд” хэмээсэн бүтээлийг заавал олж уншаарай гэж хүсье. Ширээнийхээ ном болгоорой гэж зөвлөе. Энэ бүтээлийг зөвхөн “Өнөөдөр”-ийнхөн өмчилж болох ч эрхлэгч маань Монголын хэвлэл мэдээллийн тулах багана, шинэд тэмүүлэгч түүчээ нь байсан тул бид тийм жижигхэн зан гаргаж яахан болох. Том эрхлэгчийн цэргүүд том санаж, том л явах учиртай.

Буцаж ирэхгүйгээр холын хол явсан Бал эрхлэгчийн үйл хэрэг “Өнөөдөр”-өөр нь үргэлжилж байв. Тэгсэн эрхлэгч маань бүтээлээрээ, нэрэмжит сангийнхаа үйл ажиллагаагаар бидэндээ, Монголын нийгэмд, сэтгүүл зүйд эргэн ирлээ.