Эрхлэгч эзгүй нэг жилд

Манайхан ажилдаа ирж байна. Өглөөний шуурхайд амжихаар яарч буй нь илт. Шуурхай тасалбал ажил тасалсан хэмээн үзэх бичигдээгүй хуультай. Яана аа, эрхлэгч ирчихэж, машин нь байна. За байз өчигдөр би юу бичсэн билээ дээ, алдаа мадаг гайгүй байгаа. Дугаар удирдагчид гайгүй сайн уншуулсан юмсан. Эрхлэгч уншиж амжаа болов уу, тэр юу гэх бол оо. За байз, ямар мэдээ хэлдэг билээ. Сэтгүүлчийн өглөөний ажил мэдээ хэлэхээс эхэлдэг. Ингэхэд ийм журмыг хэн боловсруулсан юм бол оо. Аягүй бол үргэлж элдэв юм сэдэж эхлүүлж байдаг манай эрхлэгч л байх даа. Уг нь эрхлэгч л биднийг ийн ташуурддаг байсан сан. Байсан гэнэ ээ. Яагаад байсан гэж… Сая эрхлэгч гэж хэлэв үү дээ… Тийм ээ, эрхлэгч…. Бал эрхлэгч үү…. Тийм ээ, Бал эрхлэгч.

Өнөөдөр арванхоёрдугаар сарын 15. Хорвоогийн жирийн атлаа жирийн биш, тийм хар атлаа хар биш өдөр эхэлж байна Хорвоогийн өдөр хоног жам ёсоороо ээлжилсээр 365 хоносон байна. Наран 365 хоног энэ л янзаараа мандаж, жаргасан байна. Хацар хайрах жавартай, хүйтэн салхи үлээсэн жиндүүхэн өглөө байх чинь. Өнгөрсөн жилийн энэ өдөр бас л ийм хүйтэн, жихүүн салхитай зэврүүн байж билээ. Эрхлэгчийг минь бурхан булааж авсан тэр өдөр. Уул нурж, ус цалгиж, тэнгэр ниргэсэн энэ өдөр. Өндөр Алтайн уул нураад унах шиг дүнхийсэн саарал өдрүүд энэ л өдөр эхэлсэн. Бид нөмөр нөөлгөө алдсан. “Эрхлэгч их муу байна гэнэ ээ, бараг… Хурдхан ир”.

Мэдээ олох, бичих хэцүү мөртлөө сайхан. Гэтэл ийм богинохон хэрнээ ийм гашуун мэдээг “Өнөөдөр”-ийнхөн, Монгол ньюсчууд сонсч, итгэж ядан байлаа. Шүр эгчээс, Номиогоос, Нандиагаас, Мөнтүүкээс, Цооцоогоос, Магнай ахаас, Баагийгаас… бид нулимсаа нуух ёстой. Эрхлэгчийнд очоод уйлав аа, редакцдаа л уйлаарай. Битгий нэгнийгээ уруу татаад байгаарай, сэтгэлээ барина шүү… ийм хүнд үед үүнээс хэцүү даалгавар байх уу даа. Хашаандаа, дотор үүдэндээ зассан шинэ жилийн мод, чимэглэлээ буулгаарай гэж хэн нэгэн маань санахаас өмнө харуул залуу модныхоо чимэглэлийг нэг нэгээр нь аяархан аваад хайрцаглаж байсан… нулимстай өдрүүд ингэж эхэлсэн. Эрхлэгчийг минь хүндэтгэн манай байраар ирэх хүмүүсийн цуваа тасраагүй. Эмгэнэлийн цахилгаан утсаар, факсаар, зурагт, радио, интернэт шуудан хаанаас бол хаанаас ирж… “Өнөөдөр” сонин, “Монгол ньюс”, “Улаанбаатар” зочид буудал төдийгүй хэвлэл мэдээллийнхэн, бизнесийн байгууллагууд ерөөсөө Монгол орон даяараа гашуудан Цэрэндоржийн Балдорж гэж ховор сайхан хүүгээ алдсандаа харамсан уйлж байлаа.

Түүнгүйгээр бид яг нэгэн оныг үджээ. Тийм ээ тэр байхгүй болсон. Үгүй ээ, тэр буцаад ирсэн шүү дээ. Итгэхгүй бол хар л даа. “Өнөөдөр”-ийнхөн эрчтэй алхаж байна. Нэгэн үе тэднийг харахад нүд халтирч, зүрх шимширмээр хэцүү байсан нь үнээн. Тэд одоо уйлахаа больсон, эрч хүчтэй ажиллаж байгаа. Бидний сэтгэлд эрхлэгч маань амьд, бурхнаас биднийг тольдон харж, зааж зааварлаж буй гэдэгт бид итгэдэг.

Бал эрхлэгчийгээ бурхны оронд үдсэнээс хойш өнчирч хоцорсон үр хүүхэд, хамт олонд бидэнд юу эс тохиолдох билээ. Энэ хугацаанд алдахдаа алдаж, уйлахдаа уйлсан өдөр олоон. Таварцаглаж унасан хүүхэд уйлаад ээж, аавыгаа дууддаг шиг ийм л үед таны минь нөмөр нөөлөг хэчнээн их дутагдаж байсныг та харин мэдэхгүй байж магад. Бид танаас нулимсаа, алдаагаа нуух гэж хичээсэн. Эрхлэгч Та уруу, дорой нэгэнд дургүй учир бид алдаагаа түргэхэн оноо болгохыг хичээж байлаа. Бид таны тухай их бичсэн, таны найз нар ч дурсамж ирүүлсэн. Гэхдээ бид заримыг нь гомдоосон, бичсэн дурсамжийг нь сонинд гаргалгүй хадгалсан. Та ч бас ингэх л байсан. Аягүй бол “Өнөөдөр сонин та нарын гуниг гашуудлаа зарладаг талбар биш шүү, найз нараа. Одоо боливол яасан юм бэ” гэх л байсан даа.

Дэлхий наран авхайг нэгэнтээ бүтэн тойрсон энэ хугацаанд бид ажиллаж, амжуулсан зүйлийнхээ заримаас танд тайлагная. Таны эхлүүлсэн, зөв замд нь хэдийнэ оруулж, хурдлуулсан галт тэрэгний эрч өчүүхэн ч саараагүй гэдгийг энэ өдөр танд дуулгая. Энэ нүсэр том галт тэргийг аавын жаахан охин Нандиа удирдаж явааг та мэднэ. Тэр сайн захирал, чадварлаг эрхлэгч болж төлөвшиж байгаа. Нас нь даанч бага байна даа, гэсэн ч тэр суралцана, удахгүй тань шиг мундаг эрхлэгч захирал болно оо, та итгээрэй.

Галт тэрэгнийхээ түлшийг хэдэн жилд дуусахааргүйгээр та галлажээ. Галт тэрэг Монголын хэвлэл мэдээллийн том орон зайд өөрийн гэсэн зам мөрөөрөө хурдалсаар байна. Энэ явцад чухам юу юу болж өрнөсөн тухай танд одоо тайлбарлая.

2008 оныг бид гацуур мод тойрон угтаагүй. Гэхдээ бид олз омогтой байсан. Таны минь амьд сэрүүн асан 2007 онд Өнөөдөрийнхөн чамгүй амжилттай ажилласан. Та зах зухаас мэдэрсэн шүү дээ. Монголын хэвлэлийн хүрээлэн болон Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Өнөөдөр” сониныг тань оны шилдгээр өргөмжилж, сэтгүүлч, сурвалжлагч бид нарт урам өгсөн. Шинэ он гараад удаагүй Рэ ах минь соёлын гавьяат зүтгэлтэн болсон. Та эзгүй ч таны гарын үсэгтэй тодорхойлолтоор И.Рэнчинханд ахын энгэрт Ерөнхийлөгч яг таных шиг тэмдэг зүүж өгсөн билээ. Тэр шагналаа авчихаад “Би эрхлэгчийгээ хэзээ ч талийгч гэхгүй, эрхлэгч ээ л гэнэ” гэж хэлж биднийг уруу татаж уйлуулсан шүү. Тулхтай,түшигтэй Рэ ах залуу эрхлэгчийгээ угтахдаа “Өнөөдөр сонинд шинэ үе эхэлж байна” гэж хэлсэн. Уйлж, нулимстай үдсэн хуучин оныг төрийн том шагнал мартагнуулж, сайн сайхан гэрэл гэгээтэй өөдрөг ажил амьдралд биднийг хөтөлсөн нь мөн л таны минь ач байлаа.

Эрхлэгч ээ танд хэлэх зүйл байна аа. Бидний хийсэн болгоныг та сайнаар хүлээж авахгүй байж магадгүй. “Балдорж сан” байгуулсан, таны хөшөөг байрныхаа хүндэтгэлийн хойморт залсан тухай сонсвол та лавтай гайхах байх даа. Дургүйцэж ч болох. Та сонинд зургаа гаргах ямар дургүй байлаа даа. Бид ч зураг сонгохдоо “наана чинь эрхлэгч байна аа, өөр юм байна уу” гэхчлэн ярилцдаг сан. Таныг эзгүйд харин бид таны зургийг зөвшөөрөлгүйгээр ямар ч олон удаа сонинд гаргав даа. “Өнөөдөр” сониноос жил бүр шалгаруулдаг жил жилийн оны шилдэг хүнээр олны танил, нөлөө бүхий хүмүүс таныг нэрлэсэн. Өмнө нь ч таныг нэрлэдэг л байсан, та л өөрийнхөө нэрийг хас, өөр хүн нэрлүүл хэмээн илэрхий дургүйцдэг байсан шүү дээ. Энэ мэт таны дургүйцэж мэдэх олон зүйлийг хамт олныхоо, сэтгүүлчдийн төлөө таны гэр бүл болоод “Монгол ньюс”ийнхэн бид хийжээ. Уучлаарай, бид ингэж гэмээ нь уужирч, тайвширч, танаасаа суралцаж, таньтай хамт гэж, эрхлэгч дээрээс харж байгаа, алдаа хийж болохгүй гэхчлэн дотоод сэтгэлдээ төсөөлж, таньтай ярьж, цэнэг авч ажиллаж явна шүү дээ.

“Өнөөдөр” сонин таны захиалагчийн тоо таны мөрөөдөж асан 10 мянгын хязгаарыг хэдийнэ давсаан. Шинэ үйлдвэртэй болсон, дэлхийн стандартад нийцсэн нарийн форматаар гарч эхэлсэн. Бас анх удаа электрон хувилбарт шилжлээ.
Бид таныг заримдаа жигтэй их санах юм аа.
Эрхлэгч, дарга нар маань торгодог, загнадаг, яг л тань шиг. Шуурхайгаас хоцрох, таслах, үйл явдлын мэдээ хэлэхгүй загнуулах тохиолдол бишгүй ээ. Өдөр тутмын ажил ингэж байж л урагшилдгийг бид мэднэ. “Өнөөдөр” сонинд тогтоосон том школ эндээс эхтэй ч байж болох. Тийм ээ, та биднийг загнахдаа загнадаг байсан. Таны хатуу үгийн цаана “Энэ хэд минь” гэсэн аавын, ахын хайр, халамж байдаг байлаа.

Эрхлэгч ээ, таны жүжгүүд өнөө ч үзэгч олонтой байгаа. Драмынхан саяхан “Шөнө амталсан нулимс”, “Хайрын виз”-ыг тань тоглосон. Хөдөө орон нутгаар аялахдаа энэ хоёр бүтээлийг дорноговьчуудад сонирхуулахад тэд тун сайхан хүлээж авсан гэсээн. Амьдралынхаа сүүлийн жилүүдэд кино урлагт онцгой шунан дурлаж, цаг хугацаа заран “Элсний нүүдэл” хэмээсэн залуучуудад зориулсан сайхан кино хийснийг тань бид мэднэ. Хоёр ангит энэ бүтээл нам жим болсон, бараг “пээнсэндээ” гарах гэж байсан Монголын кино урлагийг хөдөлгөөнд оруулж билээ. “Элсний нүүдэл” дүүтэй болсон. САС-ийнхан “Шүрэн бугуйвч” гэж кино хийсэн нь үзэгчдийн ялангуяа залуусын сонирхлыг ихэд татаж буй. Одоо ч тэд кино зохиол хайн бэдэрч явна, та байсан бол тэд ийм эрэлд гарахгүй байсан даа.
Өнөөдөрийнхөн гэхэд л хэнбугай ч хүлээн зөвшөөрөхүйц өдөр тутмын чөлөөт сонины өөрийн гэсэн дэг сургуулийг бий болгож, олон зүйлээр анхдагч, олныг араасаа дагуулагч түүчээ нь байж чадсан.

“Өнөөдөр”-ийн эрэл хайгуулын цаг мөч бүхэнтэй уралдсан бүтээл туурвилын, ямагт урагшаа тэмүүлсэн буцалмал амьдралын хэмнэлд дасан зохицож чадсан хэн боловч эндээс гараад явах дургүй болчихдог. Өөрийнхөө хүч чадлыг сорьж, хүчин чадлаасаа давсан мэт санагдах тэр хязгаар руу эрхлэгчээрээ араасаа түлхүүлж, гараасаа хөтлүүлж, дараа нь тэгээд өөртөө урамшин баярлах гэдэг сайхан байсаан. “Өнөөдөр” сонин маань бидэнд ухрах, нэг байран дээрээ байх зав өгдөггүй. Ийн бахархах бахархал, тэмүүлэх тэмүүлэл, урамших урам, итгэх итгэлээр үргэлж цэнэглэж асан Цэрэндоржийн Балдорж эрхлэгчдээ баярлалаа гэж бид өдөр тутам хэлэх учиртай. Та бидний дэргэд үгүй ч сэтгэл зүрх тань Монгол ньюсийнхний цээжинд амьд сэрүүн хэвээр. Тиймдээ ч таны хурдлуулсан галт тэрэгний хүч саарахгүй давхисаар буй за.

Та эзгүй нэгэн оныг үдэж буй ч “Өнөөдөр”-ийн зарчим болсон улаан шугам тань яг тэр хэвээрээ.
Тийм ээ, өнөөдөр арванхоёрдугаар сарын 15. Хорвоогийн жирийн атлаа жирийн биш өдөр эхэлж байна. Өдөр хоног жам ёсоороо ээлжилсээр 365 хоносон байна. Наран 365 хоног энэ л янзаараа мандаж, бас жаргасан байна. Хацар хайрах жавартай, хүйтэн салхи үлээсэн жиндүүхэн өглөө байх чинь.
Гардаг гардаггүй баахан үзэг, бал, том хар тэмдэглэлийн дэвтэр зэргээ замбараагүй гэгч нь хийсэн овор ихтэй цүнхээ мөрөвчлөөд таны хэдэн сэтгүүлчид ажилдаа ирлээ...